УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы талаар иргэн Э.Цэрэндолгор папараци.мн цахим хуудсаар энэ сарын 25-нд "Б.Дэлгэрсайхан мөнгө нуусан, мөнгө угаасан, оффшорчин бөгөөд энэ хүний хэргүүд дарагддаг, татвар төлдөггүй” хэмээн мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Сүүлийн хэдэн өдөр тавилттай жүжиг маш их явлаа. Тодруулбал, цэнхэр үст Цэрэн гэдэг хүн Швейцарын иргэнтэй хамтран энэ асуудлыг зохион байгуулж байна. Дэлхийд байхгүй банкны нэр ашиглан, хуурамч бичиг баримт бүрдүүлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Яг энэ сценарийг надад ашиглаж байна. Өмнөх парламентад надтай хамт суусан нэг залуу улс төрч бий. Тэр хүн санхүүжүүлсэн. Би бүх эзнийг мэдэж байна. Э.Цэрэндолгор над руу дайрч байгаад харамсаж байна. Гаргаж тавьсан бичиг баримтууд нь 2017, 2018 оных. Намайг Швейцарын прокурор, Английн тагнуул, АТГ, Хонконг гэх мэт орнуудын байгууллага шалгалаа. Өмнө нь энэ үйл ажиллагааг явуулсан хүмүүс С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхсэн байсан. С.Баярцогт үхчихээүй юм чинь энэ талаар ярих биз.
Өчигдөр орой миний талаар хийсэн шууд бичлэгийгүзлээ. Амныхаа зоргоор ярьж байна. Монгол Улс хууль дүрэмтэй. С.Баярцогтыг шалгах явцдаа миний UBS банкны дансыг мөн шалгасан. Иймд би нүүр бардам байна. Миний хамаарал бүхий компаниийг дурдан, С.Баярцогтод намайг хахууль өгсөнд буруутгадаг. Би 2004 онд уул уурхайн салбарт орсон. Тухайн үед С.Баярцогт хэн ч биш байсан. Би түүнд хахууль өгөх ямар ч шаардлага байхгүй. Швейцарийн шүүхэд тус улсын сэтгүүлч бүсгүйг мөн өгсөн.
Би УИХ-ын гишүүн болохоос өмнө 25 жил бизнес хийсэн. Энэ үед гадаад улсуудад данстай байсан нь үнэн. "Болд төмөр Ерөө гол” компанийг өөр хүнд шилжүүлсэн. Энэ компани ХК болоогүй, олон нийтэд нээлттэй биш. ХХК статустай. Энэ компанийн 51 хувийг БНХАУ эзэмшдэг. Монголын тал 49 хувийг эзэмшдэг. Цаашид Монголын тал 51 хувийг эзэмших гэрээтэй. Би С.Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлүүлсэн нь үнэн. Надад буцаагаад хагас жилийн дотор төлсөн. Үүнийг мушгин гуйвуулж байгааг гайхаж байна.
Дорноговь аймгийн газрыг БНХАУ-ын иргэдэд худалдлаа гэдэг нь ч ташаа мэдээлэл. Би газар зарах эрх мэдэлтэй ч хүн биш. Нийслэлийн прокурор миний хэргийг хаасан. Би хууль хяналтын байгууллагад нөлөөлөх шаардлага байхгүй.
"Засаг чандмань майнз" компани Дорноговь аймагт тусгай зөвшөөрөлтэй. Тэд 70 сая ам.долларын залилан хийгээд зугтан алга болсон. Тэднийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа шүү дээ. Надад бусдын бизнесийг булаах сонирхол байхгүй.” гэлээ.