Ковидоос үүдэлтэй шок дэлхийн улс орнуудын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байгаа бол манай улсад "Ковид-19” дээр нэмээд "сонгууль” гэсэн хос вирус эдийн засгийг хүндээр өвчлүүлээд байна. Эрх баригчид сонгуулиа татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэхийн тулд төсвийн тодотгол хийлгүй зургаан сар гүрийлээ. Анх 2.3 их наядын алдагдалтай батлагдсан төсөв ковидын үеийн нэмэгдэлтэй нийлээд 5 их наяд руу дөхсөн. Үүн дээр нэмээд төсвийн орлогын тасалдал маш их хэмжээгээр нэмэгдэнэ. Оны эцэст гэхэд энэ жилийн төсвийн алдагдал хэд хүрэхийг таашгүй. Нөхцөл байдал ийм байхад эрх баригчид хэмнэлтийн ямар ч бодлого авч хэрэгжүүлэхгүй байна. "Зуд болоход нохой зоолно, зовлон учрахад лам баяжна" гэдэг үгний утга "эрх баригчид баяжна” гэж өөрчлөгджээ. Бүх асуудлын нэгдүгээрт иргэн байх ёстой байдаг бол эрх баригчдын хувьд эрх мэдэл, нам нь эхний байруудад, харин иргэний, улсын эрх ашиг гуравдугаарт гэдэг нь дахин дахин батлагдсаар байна.
Энэ оны эцэс гэхэд Засгийн газрын гадаад өр хэр хэмжээгээр нэмэгдэх бол гэдэг асуудал олны анхаарлыг татаж байгаа. Төсвөө тодотгохгүйгээр эрх баригчид маш их хэмжээний гадаад зээл авсаар байна. Бүх хэрэгцээгээ хангана гэвэл тэд багадаа 2 тэрбум ам.долларын өр нэмж авна гэсэн үг. 2021-2024 онуудад Засгийн газрын "Мазаалай”, "Чингис”, "Гэрэгэ”, "Хуралдай” бондуудын зөвхөн үндсэн төлбөрт 2.9 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийнэ. Мөн Хятадын Ардын банктай хийсэн 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлийн төлбөрийг 3 жилээр хойшлуулсан бол нийтдээ 5.1 тэрбум ам.долларын эргэн төлөлт ирэх 4 жилд хийнэ. Эдгээрээс гадна 10 орчим тэрбум ам.долларын гадаад өр төлбөр дотоодын банк, аж ахуйн нэгжүүдийн өмнө байгаа бөгөөд ирэх 4 жилд эдгээрийн төлөлтүүд хийгдэнэ гэсэн үг. Энэ бүх сорилтын өмнө бидэнд гаргаад тавих бэлэн хариулт байхгүй байгаа. Засгийн газрын болон улсын гадаад өрийн асуудал бодлогын шийдлээ хүлээсэн хэвээр байсаар байна.
Оны эхнээс эхэлсэн ковидоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэл УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд ашиглагдсаар өнөөг хүрлээ. Сонгуулийн үр дүнгээ бодоод тэд төсвөө тодотгосонгүй, вирусээр далимдуулж гадаад өр, төсвийн худалдан авалтаа тэд зөвхөн өөрийн дотоод хяналтаараа хийдэг боллоо. Гэвч энэ байдал өнөөдрөөр дуусахгүй. Ковидын 2 дахь давлагаа дэлхий даяар эхэлж болзошгүй байгаа бол манайд сонгуулийн 2 дахь давлагаа аль хэзээний эхэлчихсэн. Намар орон нутгийн сонгуулийг дуустал тэд энэ аргацаасан байр сууриа хадгалсан бодлогоо хэрэгжүүлнэ. Орон нутгийн сонгуулиар энэ байдал бас дуусахгүй. Ахиад наймхан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд тэд бүх хүчээ зарцуулна. Энэ бүх хугацаанд тэд амиа аргацаасан бодлого хэрэгжүүлнэ, гадаад өрийг бүх боломжоороо нэмнэ. Төсвийн алдагдлыг тэд тоохгүй. Дорвитой шинэчлэлийн бодлогыг эхлүүлж чадахгүй. Зөвхөн олон түмнийг шуугиулсан популист амлалтуудаа үргэлжлүүлсээр байх төлөвтэй байна. Дэлхийн улс орнууд эдийн засагт үүссэн ковидын уналттай тэмцэж байгаа бол манай улс "ковид & сонгууль” гэсэн хос вирустай амь тэмцэн оршсоор байна.