Эхийн хэвлийд бойжсон ч халуун уургаа амлаж чадахгүй хорвоог орхих үрс олон болжээ. Амьгүй төрөлт зөвхөн манай улсад ч биш дэлхийн асуудал болоод байгаа аж.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 207 амьгүй төрөлт бүртгэгдсэн байна. Харин өмнөх оны мөн үед улсын хэмжээнд 210 бүртгэгдэж байжээ. Энэ тоо баримт ихсэх эсвэл нэг түвшинд байна уу гэхээс буурах нь үгүй.
Амьгүй төрөлт гэдэг нь жирэмсний 22 долоо хоног ба түүнээс хойших хугацаанд 500 граммаас дээш жинтэй төрсөн нярайд амьдын шинж тэмдгийн аль нь ч буюу зүрхний цохилт, судасны лугшилт, булчингийн хөдөлгөөн илрэхгүй байгааг хэлнэ.
Амьгүй төрөлтийн шалтгааныг утаа униар, импортоор орж ирдэг элдэв төрлийн генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнтэй холбож ойлгодог.
Тэгвэл зөвхөн эдгээрээс шалтгаалдаггүй бөгөөд өөр бусад шалтгаан нөхцөл ч байдаг байна. Тухайлбал, төрөх үеийн хүндрэлүүд, жирэмсэн эх БЗДХ буюу тэмбүү, заг хүйтнээр өвчлөх, цусны даралт ихэсдэг, чихрийн шижин, ургийн өсөлтийн саатал ч нөлөөлдөг байна.
Бүр тодруулбал, үрэвсэлт халдварын шинжтэй эх дутуу төрөх магадлал өндөртэй байдаг. Мөн жирэмсний хожуу хордлогоос үүдэн дутуу төрөх эрсдэл байдаг аж. Энэ нь жирэмсний 24 долоо хоногоос хойш хордлого өгч, даралт ихсэх, хавагнах шинж тэмдгээр илэрнэ. Ихэвчлэн жирэмсэн биш үедээ даралт нь ихэсдэг, бөөр нь өвддөг эхчүүдэд түлхүү тохиолддог байна. Бас ургийн өсөлтийн саатлаас болж дутуу төрдөг. Хүүхэд хугацаандаа өсөхгүй тохиолдол ч байдаг. Түүнчлэн умай хэт их сунаснаас үүдэн дутуу төрөх магадлал өндөр байдаг ба энэ нь ихэр жирэмслэлт болон ураг орчмын шингэн ихдэлтээс болж үүсдэг байна.
Ураг орчмын шингэн ихдэлтийн шалтгаан нь үрэвсэлт халдвар, чихрийн шижин өвчин аж.
Дээрх байдлаас харахад эхийн эрүүл мэндээс улбаалан дутуу төрөлт явагддаг байх нь. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг. Тиймээс жирэмслэлтийг төлөвлөх нь чухал юм. Залуусын хувьд төлөвлөж жирэмслэх нь ховор. Гэр бүлийн гишүүд хүүхэдтэй болохоор шийдсэн бол хүүхэд олохоос хагас жилийн өмнөөс амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай. Хэрвээ ингэх боломжгүй бол багаар бодоход сарын өмнөөс энэ үйл явцад бэлтгэх хэрэгтэй бөгөөд ужиг өвчин, үрэвсэлт халдварт өвчин, ураг тээхэд хориглох эмгэг онош байгаа эсэхийг тодорхойлуулж, эмчлүүлэх шаардлагатай бол тохирох эмчилгээг хийлгэнэ. Мөн муу зуршлаасаа салах хэрэгтэй. Согтууруулах ундааны төрлийн зүйл, тамхи, урагт нөлөөлж болохуйц эм бэлдмэл зэргийг амьдралын хэв маягаасаа хасна. Иймд эхнэр нөхөр хоёр өөрсдийн биеийг эрүүлжүүлж, эх ураг тээхэд бэлтгэснээр эрүүл саруул ураг бойжсоор эсэн мэнд амаржихад чухал нөлөөтэй юм. Гэхдээ үүнийг зөвхөн эмэгтэй нь биш хосууд хамт хэрэгжүүлэх нь илүү нөлөөтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх бөгөөд та бүхний амьдралын үргэлжлэл шүү дээ.