Ахмад настан иргэнийг орхиж явсан нийтийн тээврийн автобусны жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож 25 мянган төгрөгөөр торгон дахин зөрчил дутагдал гаргахгүй байхыг сануулсан байна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд шүүмжлэл дагуулсаар байдаг нэг асуудал нь энэ аж. Ахмад настан автобусны араас гүйх нь олонтаа. Хоёр хөлөөрөө алхаж байгаа ахмад настныг авахаас төвөгшөөж байгаа юм чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн ханддаг тухай ярих нь илүү биз.
Япон улсын жишээг ярихад нийтийн тээврийн жолооч нартаа зориулж тусгай сургалт явуулдаг байна. Хөл гарыг нь тушиж, чөлөөтэй хөдлөхийг нь хязгаарлан автобусанд суулгадаг байна. Ингэснээр тухайн жолооч нар ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс автобусаар үйлчлүүлэхэд ямар бэрхшээл тулгардаг болохыг мэдэж авч, тэдгээр хүмүүст хүртээмжтэй, сэтгэл гарган үйлчилдэг байна.
Харин манай улсын хувьд тэдгээр хүмүүсийг авобусанд суулгаж өгөх нь битгий хэл хараагүй юм шиг орхин явдаг. Үүгээр ч зогсохгүй зорчигч суудалд суугаагүй, бариулаас барьж амжаагүй, мөн автобуснаас хараахан буугаагүй байхад хурдлан давхих үйлдэл нь нийтийн тээврийн соёлд нийцэхгүй. Түүнчлэн жолооч нарын харилцааны соёлд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авах цаг нь болсон.
Иргэд та бүхэнд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол байвал 7004-4040 утсаар өгч байгаарай.