Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 21 аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон сумдын Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчид хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажилласан. Ингэхэд Хүй 7 худагт зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр зарим уяач хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тодруулбал, стандартын бус малгай өмсгөсөн, богино холбооны станц биед зүүлгэсэн, стандарт хэмжээнээс урт ташуур бэлдэж өгсөн мөн урт олс, бүс, гялгар уут, тод өнгийн даавуу зэргийг биед зүүлгэсэн зөрчлүүдийг илрүүлсэн байна. Иймээс унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх зүйлсийг хураан авч, унаач хүүхэд болон уяачдад дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар зөвлөгөө өгч ажиллажээ.