Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалинг тооцон гаргадаг байна. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олгосноор зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлдог байна.
Хэрвээ ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцдог аж. Тухайлбал, ажилтан Г нь байгууллагад 2006 оны арваннэгдүгээр сарын 1-нд ажилд ороод 2007 оны долдугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно гэсэн үг юм.