Дэлхий даяар тархаад байгаа цар тахал ковид-19 халдварт өвчнөөс сэргийлэх, хамгаалах хүрээнд Монгол улс онцгой дэглэмийн нөхцөл байдалд шилжсэн. Тэгвэл энэ үед цар тахалд өртөх хамгийн эрсдэлтэй хэсэгт 14 мянган иргэн амьдарч байна. Өдөрт 1000 гаруй иргэн, тэдний цаана 5000-6000 иргэн өдөр бүр эрсдэлтэй тулдаг. Энэ бол Гашуун Сухайт боомтод нүүрс тээвэрлэж байгаа тээврийн жолооч нар...
Хэдийгээр жолооч нар нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөж хил нэвтэрч байгаа боловч халдвар авах тун эрсдэлтэй байна. Хөл хорио онцгой дэглэмийн нөхцөл байдал Гашуун Сухайт боомт дээр журмын дагуу явагдаж, жолооч нарыг эрсдэлд оруулахаас сэргийлж, хамгаалж байгаа гэж албаныхан тайлбарлах боловч бодит байдал дээр тийм биш байна... Тухайлбал нүүрс тээврийн жолооч нар Хятад улсын Ганц модны боомтын НАБТ буюу нүүрсний баталгаат агуулахын хятад ажилчидтай шууд харилцаанд орж, нүүрсээ хамт буулгаж байна. Үүнийг нүүрс тээврийн жолоочид бидэнд илгээлээ.
Нүүрс тээврийн жолооч нар хэнтэй ч контакт үүсгэхгүй, харилцаанд орохгүйгээр хил нэвтрээд буцаад гарч ирж байгаа хэмээн албаныхан хэлж байгаа. Гэвч үг үйлдэл хоёрын зөрүү ямар байгааг эндээс харж болно. Бодит байдал ийм байхад жолоочид огт хятад хүнтэй харилцаанд орохгүй байгаа гэж УУХҮЯ-наас хэлж байх юм.
Онцгой дэглэмийн үед хил нэвтэрсэн иргэн болгоныг 14-21 хоног тусгаарлаж байгаа... Харин Ганц модны боомт руу нүүрс тээвэрлэсэн жолооч нарыг тусгаарлах, аюулгүй байдлыг хангах асуудал Цагаан хаданд огт алга. Өөрөөр хэлбэл хил нэвтэрсэн жолооч нар нүүрсний баталгаат агуулах буюу НАБТ-ын талбайн орчимд хэдэн арав, зуугаараа жолооч нартай хамт байршиж, хоноглож байна. Нэг ёсондоо 10 мянгуулаа цагаан хадандаа тусгаарлагдаж байна гэсэн үг.
Түүнчлэн цагаан хад руу зорчих иргэд, жолооч нарын ар гэрийнхний хөдөлгөөн огт тасарахгүй байгаа нь хамгийн их эрсдэлрийг дагуулж байна.Үнэндээ цар тахлын үед хамгийн түрүүнд золиосонд явах хүмүүс нь нүүрс тээврийн жолооч нар болоод байна.