Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд баруун бүсийн аймгийн удирдлагуудын уулзалт Ховд аймагт боллоо. Энэхүү уулзалтад Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцов. Баруун бүсийн аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж байгаагаа энэ үеэр танилцуулсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан бэлчээрийн даац, усны менежмент, махны хангамж болон салбарын мэдээлийг өглөө.
Тэрээр хэлсэн үгэндээ "Малын тоо толгой өссөн, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан одооноос эхлэн отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, нөхцөл, үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд хяналт тавих ажлыг сайтар зохион байгуулах шаардлагатай байна” гэсэн юм. Өвлийг өнтэй давахын тулд хадлан тэжээлээ сайтар бэлтгэх нь чухлыг мөн онцолсон. Манай орны бэлчээрийн ургамлын ургац 08 дугаар сарын 31-ний байдлаар нутгийн 60 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байгаа гэсэн судалгаа гарсан байна.