Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль, Арьс судлал, оношлогооны төвийн Арьс судлалын тэнхим, "Хүрээ” ротари клуб хамтран интернетийн сүлжээгээр дамжуулан арьсны өвчний алсын зайнаас оношлогоо, эмчилгээ хийх, "Ухаалаг гар утас - Арьсны өвчний оношлогоо, эмчилгээ” төсөл Монгол улсын 14 аймгийн 254 суманд хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрөөс Дундговь аймагт хэрэгжиж эхэллээ.
Төслийн хүрээнд өнөөдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьсны эмч, мэдээлэл технологийн инженер болон 15 сумын Эрүүл мэндийн төвийн их эмч нарыг сургалтад хамруулж Derma application программ бүхий Samsung A10 загварын гар утас, 3 сарын эрх бүхий дататай юнителийн дугаарыг гардуулж өгсөн юм.
Ингэснээр хөдөө сум, багт оршин суугаа иргэд оршин суугаа газраасаа ухаалаг гар утас ашиглан арьсны оношилгоог цаг алдалгүй хийлгэж, мэргэжлийн эмчийн тусламжийг авах боломж бүрджээ. Төсөл хэрэгжсэнээр сумдын Эрүүл мэндийн төвийн эмч нар гуравдугаар шатлалын эмч нартай гар утсаар шууд холбогдон хамтран ажиллах, туршлага хуваалцах давуу талтай болсон байна.