"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон 2020 оны өдрийн ачилтын дээд үзүүлэлтээ тогтоолоо. Тодруулбал, уурхайн Б болон Г ээлжний хамт олон 2020 оны 9 дүгээр сарын 24-ний 07:00 цагаас 9 дүгээр сарын 25-ны өдрийн 07:00 цаг хүртэл 1205 тээврийн хэрэгслийн 1310 тэвшинд 91,328.55 тонн нүүрс ачиж гаргасан нь энэ оны өдрийн ачилтын дээд үзүүлэлт боллоо.
Мөн 00-00 цагийн үзүүлэлтээр тооцоход 2020 оны 9 дүгээр сарын 24-ний 00 цагаас 25-ны 00 цаг хүртэл 1175 машин, 1294 тэвш нүүрс ачсан нь компанийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Өмнөх дээд үзүүлэлт нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 00-00 үзүүлэлтээр 1177 машин, 1229 тэвш нүүрс ачиж байсан хэмжээ юм.
Ковид-19 цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй хилийн хориотой холбоотойгоор 4-6 дугаар саруудад нүүрс борлуулалтын хэмжээ огцом буурсан ч Монгол, БНХАУ-ын хилийн боомтын "Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх түр журмын үр нөлөө болон нүүрсний борлуулалтыг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх тухай ТУЗ-аас баталсан удирдамжийн хүрээнд энэ оны борлуулалтын орлогын 50 хувийг зөвхөн 7-9 дугаар сард олоод байна.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оны 3-р улирлын байдлаар 4.9 сая тонн нүүрсийг уурхайн амнаас ачуулсан бөгөөд үүний 61% буюу 3 сая тонн нүүрсийг Цанхийн зүүн уурхайгаас, 39% буюу 1.9 сая тонн нүүрсийг Цанхийн баруун уурхайгаас ачуулаад байна.
Энэ оны 9 дүгээр сард /2020-09-25-ны өдрийн байдлаар/ 1.3 сая тонн нүүрс борлуулж, ачуулсан нь өмнөх сарын үзүүлэлтээс гурав дахин өссөн үзүүлэлт буюу энэ оны нийт борлуулалтын 30 хувийг эзэлж байгаа өндөр үзүүлэлт болов.