Улсын төсөв 1 их наяадаар тасарч, барилгын салбарын төсвийн хөрөнгө оруулалт царцаж, энэ салбарын үндэсний том компаниуд барилгад хөрөнгө оруулахаас татгалзаж байсан нь саяхан. Гэвч бэрхшээлийг сөрж бүтээн байгуулалт, тэр тусмаа орон сууцны дахин төлөвлөлтөд зоригтой хөрөнгө оруулалт хийж, эрсдэлийг үүрч чадсан залуу бизнес эрхлэгчид бий. Тэдний нэг нь "Шинэ гэр түншлэл” ХХК-ийн захирал Дамдинсүрэнгийн Энхбаяр юм. Тэрбээр НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрог, Баянзүрх дүүргийн 8, 10, 13, 14, 17 дугаар хороонд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байна. Залуу бизнесмен, улс төрчийн амжилт, бүтээн байгуулалт, үзэл бодол, дотоод ертөнцтэй уншигч, сонгогч таныг уулзуулж байна. Дамдинсүрэнгийн Энхбаяртай ярилцлаа.
-Д.Энхбаяр гэж хэн бэ гэдгээс яриагаа эхлэе?
-Уншигч, сонгогчдод гарал үүсэл, намтар түүхийнхээ талаар танилцуулах нь зүйтэй байх. Намайг Дамдинсүрэнгийн Энхбаяр гэдэг. Миний аав М.Дамдинсүрэн Архангай аймгийн Хотонт сумын уугуул. Аав хүүхэд байхдаа Улаанбаатар хотод ирж, тухайн үеийн Төмөр замын техникумд суралцаж төмөр замын мэргэжил эзэмшсэн. Улаанбаатар төмөр замтай ажил амьдралаа холбосон эгэл жирийн хөдөлмөрч хүндэт төмөр замчин хүн байсан. Миний ээж Н.Гэрэлмаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат. Мөн аавын адил залуудаа Улаанбаатар хотод ирж боловсрол эзэмшээд Улсын их дэлгүүрт насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байдаг.
Би эхээс дөрвүүлээ. Гурван эгчтэй. Айлын ганц хүү. Би өөрөө эхнэр гурван охины хамт амьдардаг. Эхнэрийг маань Жавзанпагма гэдэг. Манай гэр бүлд нэг сонин тохиолдол байдаг. Манай өвөө гурван охинтой. Аав маань гурван охинтой. Одоо би гурван охинтой. Өвөө, аав, би гурван үеэрээ гурван охинтой. Ийм сонин тохиолдол бий.
-Үнэхээр сонин, сайхан тохиолдол байна. Арван жилийн сургуулиа хаана төгссөн бэ?
-Би арван жилээ Баянгол дүүргийн "Ган зам” 20 дугаар сургуулийг 1998 онд төгссөн. Сургууль төгссөнийхөө дараа Украйны Одесс хотод нэг жил хэлний бэлтгэлд суралцсан. Үргэлжлүүлэн их сургуульд суралцах бодолтой байсан ч тухайн үед эдийн засгийн боломжгүйгээс тэндээ сурч чадаагүй Монголдоо ирсэн. Би Их засаг их сургуульд Эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
-Их сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхлэв?
-Сургуулиа төгсөөд Хасбанканд ажилласан. Тухайн үед шууд мэргэжлээрээ ажиллах ажлын байр хомс байлаа. Гэхдээ Хасбанканд зургаан жил ажиллахдаа хамт олон маань надад маш их зүйл зааж сургасан. Дээрээс нь гэр бүлийнхээ хүнтэй Хасбанканд ажиллаж байхдаа танилцсан. Тэгэхээр банканд ажиллах хугацаандаа их зүйл сурсны хажуугаар амьдралын ханьтайгаа учирсандаа баяртай байдаг.
-Банк, санхүүгийн салбараас барилгын салбар луу "урвах” санаа хэрхэн төрсөн бэ. Тэр дундаа дахин төлөвлөлтийн энэ амаргүй ажил руу яагаад орох болов?
-Надад 2012 онд том боломж, аз тохиосон юм. Тухайн үед Жайка олон улсын байгууллага, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтраад Хот төлөвлөлтийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлж байсан. Энэ төсөл дээр Японоос 10-аад инженер, архитектор ирж, ажилласан. Надад тэр инженер, архитекторуудтай гурван сар ажиллах боломж тохиосон. Тэр Японы инженер, архитекторууд надад ах, эгч шиг минь сайнаар хандаж, их зүйл зааж зөвлөсөн. Япончууд хуучин барилга байшин, захын хорооллоо буулгаад онгоцны буудал, цэцэрлэгт хүрээлэн, зам талбай гээд томоохон бүтээн байгуулалт хийсэн юм билээ. Энэ талаар тодорхой ойлголттой болсон. Түүний дараа надад дахин төлөвлөлтийн ажлыг хийгээд үзчих юмсан гэдэг итгэл үнэмшил төрсөн. Яг үнэндээ дахин төлөвлөлтийн ажил руу боломж бололцоотой компаниуд орж ажиллахаас зугтаагаад байдаг. Дахин төлөвлөлтийн ажлын ард маш олон иргэдийн эрх ашгийн асуудал яригддаг учраас тэр бүр компаниуд ордоггүй. Япон мэргэжилтнүүдийн зааж өгсөн зүйлүүд надад урам зориг, итгэл өгсөн учраас "Шинэ гэр түншлэл” компаниа байгуулсан.
ТОМ КОМПАНИУД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨС ЗУГТАЖ БАЙХАД, МАНАЙ КОМПАНИ ЗОРИГЛОЖ ОРСОН
-Дахин төлөвлөлтийн ажил аваад барилгын салбарын томоохон компаниуд ч бүтэлгүйтэж байсан. Танай компани анхны төслөө хэрэгжүүлж эхлэхэд мэдээж амаргүй байсан байх?
-Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газраас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цэргийн 72 дугаар хотхонд ашиглалтын шаардлага хангахгүй, 1954 онд баригдсан гурван барилгыг дахин төлөвлөлтөд оруулах сонгон шалгаруулалтыг 2016 онд зарласан. Энэхүү байр нь Улаанбаатар төмөр замын өмчлөлд байж байгаад ажилчиддаа хувьчилсан юм билээ. Орон сууц гэхээсээ нийтийн байр байсан. Дундаа нэг усны өрөө, 00-ийн өрөөтэй. Дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад хэд хэдэн компани оролцсон. Компаниуд дахин төлөвлөлтийн ажлын төлөвлөгөө, төслөө танилцуулсан. Иргэд, нийслэлийн холбогдох хүмүүс компаниудын төсөлтэй танилцаад манай компанийг энэ төслийг хэрэгжүүлж чадах юм байна гэж үзсэн. Манай компанид барилга болон банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан тодорхой туршлага хуримтлуулсан залуучуудын сайн баг бүрдсэн байсан. Тиймээс бидэнд иргэд, Нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд итгэл хүлээлгэсэн юм.
Тухайн дахин төлөвлөлтөд хийсэн гурван байранд 70 гаруй айлын 200 гаруй иргэн амьдарч байсан. Тэдний байрыг нь дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхээр нураахад хариуцлага гэдэг зүйл бодогддог юм билээ. Манай гэр бүлийн хүн надад хэлдэг. "Айлуудын байрыг нурааснаас хойш эхний хэдэн сар нойр хүрээгүй” гэж. Иргэдийн орон байрыг нураачихлаар үнэхээр нойр хүрдэггүй юм билээ. Иргэдийн байрыг нураасан юм чинь өөрийнхөө унтах нойр, идэх хоолыг хасаж энэ ажилд бүх зүйлээ зориулж ажилласан. Эхний барилгын ажил маань амжилттай яваад 10 давхар нь босоод дараагийн барилгын сууриа цутгаад эхлэхэд хүмүүс дэмжээд ирсэн. Эхний барилга ашиглалтад ороход хуучин байрны эзэд итгэж өгөхгүй байна гэдгээ хэлж байсан. Үнэхээр иргэдийн нүдэнд баяр баясал төрдөг юм билээ. Надад нэг настай хөгшин "Өглөө болгон шинэ байрандаа сэрэхдээ итгэж өгөхгүй байна” гэж хэлж байсан. Хуучин байрыг нь ямар ч үнэ төлбөргүйгээр сайжруулж, шинэ тохилог орон сууцтай болгоод өгөхөөр үнэхээр их баярладаг юм билээ. Тийм их баяр баясал, халуун дулаан үгийг сонсох үнэхээр сайхан санагдсан. Нэг хэсэг манай компанийн инженер техникийн ажилчид, бид чинь айлуудын шинэ байрны найр хэсдэг ажилтай болсон шүү дээ. Найранд уригдаад л. Эхний Шинэ гэр орон сууцны төсөл амжилттай хэрэгжиж, гурван блок 476 айлын орон сууц хугацаандаа ашиглалтад орсон. Нийслэлийн удирдлагуудаас сайн үнэлгээ авсан.
-Танай компани Хан-Уул дүүрэгт мөн дахин төлөвлөлтийн орон сууцны төсөл хэрэгжүүлсэн?
-Эхний төслийг амжилттай хэрэгжүүлсэн учраас дараагийн төслийг хэрэгжүүлэх итгэл бидэнд төрсөн. Нийслэлийн удирдлагууд ч энэ залуучууд чадах юм байна гэдэг итгэлийг хүлээлгэсэн. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо төвийн баруун талд байрлах Барилга үйлдвэрлэх комбинат /БҮК/-ын ажилчдын нийтийн эзэмшлийн байрыг дахин төлөвлөлтөд оруулж, шинэ орон сууц барих төслийг хэрэгжүүлсэн. Нийт 97 айлын 300 гаруй иргэний нийтийн байр байсан. БҮК-ын ажилчдын хуучин байр нь 1958 онд ашиглалтад орсон юм билээ. Төвийн шугам сүлжээнд холбогдоогүй, гаднаа модон 00-той болохоор орчин бохир, эрүүл ахуйн талаасаа болон амьдрах орчны хувьд иргэд хүнд нөхцөлд байсан. Манай компанийн ажилчид тэдгээр иргэдтэй олон удаагийн уулзалт хийж, иргэдийн зөвшөөрөлтэйгөөр дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэхүү Цагаан орд төсөл амжилттай хэрэгжиж хоёр блок 360 айлын шинэ орон сууцыг энэ онд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулсан. Мөн л иргэд маш их баяртайгаар хүлээж авсан. Баярласан сэтгэлээ манай компанийнханд илэрхийлсээр байна. Хотын удирдлагуудтай зангиагүй уулзалт хийгээд ярилцах үед "Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжээд 10-аад жил болж байгаа. Энэ хугацаанд хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа гурван компанийн нэг нь танай компани” гэж үнэлэлт өгсөн. Маш их урам ордог юм билээ.
-Орон сууцаа яагаад Цагаан орд гэж нэрлэсэн юм бэ. Содон сонсогдож байна л даа?
-Би өөрөө түүх сонирхдог хүн. Шашин, төрийг хослон барьж байсан VIII Богд хаан нь гурван ордонтой байсан байдаг. Өвлийн ордон буюу одоогийн Богд хааны ордон музей. Шар ордон нь Удирдлагын академийн ойролцоо байсан юм билээ. Шар ордонд шашин, төрийн үйл ажиллагаа явуулдаг байж. Мөн Цагаан ордон гэж байсан гэдэг. I Богдоос VIII Богд хаан хүртэл тэдэнд гадаад дотоодын зочид төлөөлөгчид бэлэг сэлт, уран зураг, үнэт зүйл өгдөг байсан байна. Тэдгээр бэлэг, эд зүйлийг энэ ордонд хадгалдаг галерей маягийн ордон байжээ. Улаанбаатар хотын музейн мэргэжилтнүүд, түүх судлаачид энэхүү Цагаан ордныг Хан-Уул дүүргийн үйлдвэрийн хашаа, I цахилгаан станцын ойролцоо байсан гэж ярьдаг юм билээ. Богд хааны ордон музейн удирдлагууд, эрдэм шинжилгээний ажилтнуудтай уулзаж, энэ талаар санал солилцсон. Тус газарт VIII Богдын Цагаан ордон байх магадлалтай гэж байна лээ. Нөгөөтээгүүр миний ээжийн нагацын талын хүмүүс шашны том зүтгэлтнүүд байсан. Наймдугаар Богд хааны голын хоёр цоржийн нэг Чойнзин цорж гэдэг хүн манай нагац ах. Богд хаантай ойр ажилладаг шашны том зүтгэлтэн хүн байсан. Улмаар 1937 оны их хэлмэгдүүлэлтэд өртсөн. Энэ хүний хэрэглэж байсан бурхан шашны эд зүйлс надад өвлөгдөж ирсэн юм. Би өөрөө бурхны шашин шүтдэг. Ийм хоёр шалтгаанаар орон сууцны хорооллоо Цагаан орд гэж нэрлэсэн.
ГЭР ХОРООЛОЛД БАРИЛГА БАРИАД ОРХИХ БИШ, ХҮНИЙ АМЬДРАХ ТААТАЙ ОРЧИНГ БҮРЭН ШИЙДЭХ ЁСТОЙ
-Танай компани одоо гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил руу орох гэж байгаа юм байна. Мэдээж энэ ажил амаргүй, шинэ сорилт танай компанийг хүлээж байгаа байх?
-Баянзүрх дүүргийн 13, 14 хороог дамнасан "Д” хэсгийн төлөвлөлт бий. Энэ байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж байгаа юм. Шинэ гэр түншлэл компани өмнөх бүтээн байгуулалтын туршлагууд дээрээ тулгуурлаад гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг амжилттай хэрэгжүүлнэ гэж зорьж байна. Гэр хороололд амьдарч байгаад орон сууцанд амьдрах чинь амьдрах орчин, сурч хүмүүжих талаасаа ч өөр шүү дээ. Усаа худгаас зөөдөг, мод түлээгээ бэлддэг байсан хүүхдүүд дулаан байранд амьдраад ирэхээр сурч боловсрохдоо илүү цагаа зарцуулдаг. Сэтгэж бодох, хандах хандлага нь хүртэл өөр болно. Гэр хороололд амьдрахад мэдээж олон бэрхшээл бий.
Манай компани том зорилго, том мөрөөдөл тээж олон мянган өрх айлыг шинэ тухлаг чанартай орон сууцаар хангахыг зорьж байна
Гэхдээ бид гэр хорооллыг шинэ орон сууц болгоод орхихгүй. Дахин төлөвлөлтийн нийт газрынхаа 30 хувьд нь барилга байшин, 30 хувьд нь хувийн хаус хороолол, үлдсэн газар дээр нь хүүхдийн тоглоомын талбай, дугуйн зам, автомашины зогсоол байхаар төлөвлөж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахад олон гоё шийдэл, санаа гарна. Баянзүрх дүүргийн 13, 14 хорооны тухайн хэсэгт орон сууцны хороолол босгосон бол Шар хад, Улиастайн эцэст байгаа айлуудыг нааш нь орон сууцанд оруулаад газар дээр нь шинэ Цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой. Баянзүрх дүүргийн иргэд заавал хотын төв рүү ирж, чөлөөт цагаа өнгөрөөх, хүүхэдээ салхилуулах хэрэггүй. Баянзүрхийн гэр хорооллын иргэдэд ойрхон Цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой. Кино театр, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх төвүүдийг байгуулах боломж бий.
-Та гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг арай өөрөөр харж байгаа юм байна?
-Би нэг зүйлийг ойлгосон. Ер нь төлөвлөлт гэдэг зүйлийг алсдаа зөв хийхгүй бол болохгүй юм билээ. Хуучин орон сууц болон гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах нь дан ганц барилгажилтын асуудал биш юм. Хүний амьдрах таатай орчинг бүрэн шийдсэн байх ёстой. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, дугуйн зам, автомашины зогсоол, улсын сургууль, цэцэрлэг, спорт заалыг цогцоор нь барьснаар орчин үеийн орон сууцны стандартад бүрэн нийцнэ. Шинэ гэр түншлэл ХХК нь дээрх шаардлагыг хангасан орчин үеийн цогцолбор орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Ер нь орон сууцны загвар, дизайн, төлөвлөлт шинэ содон байх хэрэгтэй. Би ч өөрөө нэг хэвийн байх дургүй хүн. Компани болгон нэг ижил дөрвөлжин барилга бариад байх нь зохимжтой биш шүү дээ. Барилга болгон дахин давтагдашгүй байвал гоё биз дээ. Ер нь дахин төлөвлөлтийн ажилд ХОББИТОЙ болж байна даа.
БИ ААВЫНХАА НОМЫН САНГ НЬ УХААД, ДУРТАЙ НОМОО СОНГОЖ УНШДАГ БАЙЛАА
-Хобби гэснээс одоо ярианыхаа сэдвийг арай өөр зүйл рүү чиглүүлье. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Би хийж байгаа ажилдаа дуртай. Хийж байгаа ажлаасаа аз жаргал мэдэрч байна гэдэг сайхан. Ном худалдаж авах хоббитой. Манай гэр бүлийн хүн намайг "Чи ном худалдаж аваад байдаг. Сайн унших хэрэгтэй” гэж хэлдэг. Ер нь аль болох ном унших дуртай. Намайг номонд дурлахад аав их нөлөөлсөн. Аав минь баялаг номын сантай хүн байсан. Би номын санг нь ухаад, дуртай номоо сонгож уншдаг байлаа. Энэ бүхэн намайг номонд хайртай болгож, хүмүүжил, боловсрол, амьдралд минь эерэгээр нөлөөлсөн дөө. Одоо номын дэлгүүр орохоороо нэг биш нэлээн олноор нь ном худалдаж авах дуртай. Надаас гадна миний үр хүүхдүүд худалдаж авсан номуудыг маань уншина. Баялаг номын сантай байх нь хамгийн сайхан шүү дээ.
Мөн сүүлийн үед сонирхлыг минь татах болсон зүйл бол цахим шилжилт, дижитал орчин, аж үйлдвэрийн IV хувьсгал, мэдээллийн технологи юм. Хурдацтай хөгжиж буй технологид их дуртай. Тухайлбал дүрс бичлэгийн болон зургийн камер, дрон, компьютер, техник технологид хоббитой болж байна.
Барилга барина гэдэг дан ганц газар ухаад, тоосго өрөөд, зуурмаг цутгаад байдаг ажил бус технологи арга ажиллагаа, ноу хау, инженерчлэл, инновац хосолсон технологижсон цогц үйл ажиллагаа гэж хэлж болно
Тиймээс хөгжиж буй цахим төхөөрөмжүүдийг ашиглан төлөвлөх, гүйцэтгэх, хянах байдлаар барилга угсралтын менежментийг хэрэгжүүлэх болсон. Барилгын инженерүүд технологи ашиглаж ажлаа удирдах боломж улам бүр нээлттэй болсоор байгаа тул компанийнхаа ажлыг техник, технологийн тусламжтай удирдан зохион байгуулахыг зорьж ажиллаж байна. Ирээдүйд амжилттай ажиллая гэвэл техник технологи, цахим орчноос ангид байх аргагүй.
-Хамгийн сүүлд ямар ном уншив. Ямар төрлийн ном унших дуртай вэ?
- Нэпко хэвлэлийн газраас орчуулан гаргасан "Вирусын ертөнц”, "Хорлолын хаан”, "Ген” гэсэн гурван номыг зэрэг уншиж байна. "Ген” нь хүний генийн шинжлэх ухааны тухай ном. Энэ номыг бичсэн хүн нь хавдар судлалын том эрдэмтэн. "Хорлолын хаан” ном нь хавдарын өвчнийг ялж, эдгэрч гарсан хүний тухай ном. "Вирусын ертөнц” номыг Карл Циммэр гэж эрдэмтэн вирусын тухай бичсэн. Яагаад би энэ номуудыг уншсан бэ гэхээр, хүн хаанаас би болсон, яагаад өвддөг, яагаад нас бардаг юм. Хойд, урд нас гэж юу байдаг юм гэдгийг Бурхны шашин, Христ, Аллахын шашин ч өөр өөрөөр тайлбарлаж байгаа биз дээ. Тэгвэл энэ бүгдийг шинжлэх ухаан юу гэж тайлбарлаж байна гэдгийг дээрх номуудын зохиогч эрж хайсан байсан. Тийм учраас дээрх номуудыг уншиж байна.
Мөн би амжилтад хүрсэн хүмүүсийн намтар унших дуртай. Хамгийн сүүлд Д.Дамдинсүрэнгийн "Гол тоглогч I” ботийг уншиж дуусгасан. Хүмүүсийг ёгт хэлбэрээр бичсэн боловч тухайн субъектийг нийтлэг биш өөр хэлбэрээр харуулсан нь сонирхолтой санагдсан. Ер нь олон төрлийн ном сонирхон унших дуртай. Мобиком компанийн Д.Болор захиралтай уулзаж санал солилцоход надад өөрийн бичсэн "CEO” номоо дурсгасан юм. Тухайн үед Д.Болор захирал надад нэг зүйлийг хэлж байсан. "Та нарт үнэхээр их боломж байна. Дэлхий дахинаа хэвлэгдсэн шилдэг номуудыг хэвлэлийн газрууд орчуулан гаргаж байна. Хэл сурахад ч нээлттэй. Та нарын үед юм бүхнийг сурах боломж байна шүү” гэж хэлсэн нь их сайхан санагдсан. Залуучууд бидэнд маш их боломж байгаа юм байна, цаашид ч суралцах зүйл их байна гэдгийг ойлгосон. Би одоо ч суралцаж байгаа. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хуулийн ангийн магистрт суралцахаас гадна Удирдлагын академид Төрийн удирдлагаар энэ жилээс сурч эхэлж байна. Мөн "Data Scientis”-ийн онлайн хичээл үзэж байна. Мөн Гүрэн академийн менежерийн сургалтад хамрагдаж байгаа. Академик байдлаар хоёр хичээл, онлайн байдлаар хоёр хичээл үзэж байна. Сурахыг бол хэзээ ч зогсоохгүй гэж боддог.
-Та ямар спортоор хичээллэдэг вэ?
-Би өглөө болгон Цэцэрлэгт хүрээлэнд 16 км замыг 40 минутад жийж байна. Замын дугуй буюу Road bike унах дуртай болж байгаа. Зориулалтын хувцсыг нь өмсөж байгаад унадаг. Дугуйг удаан хугацаанд унах нь бие, сэтгэлийн хат суулгадаг юм билээ. Дээрээс нь дугуй унаж байх үедээ тархи толгойгоо цэгцэлнэ. Ажлаа төлөвлөнө. Ингэж дугуй унаж байхдаа л надад дахин төлөвлөлтийнхөө ажлын хүрээнд дугуйн зам байгуулъя гэсэн санаа төрсөн.
-Гэр бүлээрээ чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Гэр бүлээрээ аялах, байгальд гарах дуртай. Мөн ууланд цэвэр агаарт алхах дуртай. Ирэх жилээс хөдөөний малчин айлд очиж амрах бодолтой байна. Хонь хариулаад, адуунд явж, гүүн зэлэн дээр унага татаад, үхэр тугал эргүүлээд энгийн сайхан амрах бодолтой байгаа. Хөдөө хамаатнууд дээрээ очихоор биднийг хүндэтгээд л дайлж, цайлж байгаад л явуулдаг. Тэгж зочин байдлаар амрах биш, мал хариулж, сааль сүү бэлтгэж, хөдөөний сайхныг мэдэрч амаръя гэж ярилцсан. Хүүхдүүдээ аль болох байгальд ойр, хөдөөний сайхан амьдралыг мэдрүүлж өсгөх хэрэгтэй гэж боддог. Манай эхнэр Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин айлын хүүхэд. Эхнэр бид хоёр "Хүүхэд байхдаа яасан сайхан эрүүл орчинд, ямар эрүүл хоол идэж өссөн юм бэ” гэж ярилцдаг. Тэгэхээр хүүхдүүдээ ч байгальд ойр байлгаж, аргал, хоргол түүгээд, хонь хурга хариулаад, ажил хөдөлмөр хийж, хөдөөний ахуй амьдралд амрахаар төлөвлөж байна.
Ярилцсанд баярлалаа.
НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Дамдинсүрэнгийн ЭНХБАЯРЫН Сонгуулийн штабаас бэлтгэв.