Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдаж, цаг үеийн болон зарим төлөвлөгөөт ажлын талаар мэдээлэл солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөрчил дутагдалгүй, хэвийн ажилласан. ХАБЭА-н хэлтэс ээлжит сургалт болон ээлжит бус, үзлэг шалгалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын явцад хяналт тавьж ажиллажээ. Намар, өвлийн бэлтгэл ажилд анхаарч, төлөвлөгөөнд тусгагдсан 90 орчим ажил 80-100 хувиар биелж байгааг онцоллоо. Баяжуулах үйлдвэрийнхэн, МР 800 бутлуур болон ММС тээрмийн угсралтын ажлыг энэ онд дуусгахаар ажиллаж байгаа бол Ил уурхай, техникийн шинэчлэлийн хүрээнд 10, 11 дүгээр саруудад хүлээн авах хоёр экскаваторыг оны сүүлчээр угсарч, ажилд гаргахаар төлөвлөж байна. Авто тээврийн цехийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, өвөлжилтийн бэлтгэл 40.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Засвар механикийн заводын хувьд өртөг зардал бууруулах чиглэлээр 9 ажил хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 2 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлээд буйг мэдээлэлдээ дурдлаа.
Эрчим хүчний систем хэвийн ажиллаж байгааг хэлтсийн дарга Ш.Төрбат мэдээлэв. Бүтээн байгуулалтын бүх ажлууд эхэлж, Ус хангамжийн цехийн 3 дугаар цэвэрлэх шугам барих ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, ДЦС-ын тавдугаар зуухны их засвар эхэлсэн байна. Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газраас 2020 оны худалдан авах ажиллагааны гэрээ төлөвлөгөөний дагуу хийгдэж, үндсэндээ дуусаж буйг мэдээлсэн. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас өнгөрсөн долоо хоногт "Шилдэг залуу 100 ажилтан”-ы уулзалтыг зохион байгуулсан. Энэ нь тус газраас хэрэгжүүлж буй хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөрийн нэг болох "Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд болсон уулзалт юм. Ирэх сарын 03-нд уг үйл ажиллагааг үргэлжлүүлж, "Манлайлагч 100 залуу ажилтан”, 09 дүгээр сарын 26-нд "Удирдах 100 ажилтан”-ы уулзалтыг зохион байгуулах аж. Цех, газар хэлтсүүдийн мэдээлэлтэй холбогдуулан өгсөн үүрэг чиглэлдээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бүтээн байгуулалтын ажлууд, тэр тусмаа нийгмийн чиглэлийн ажлуудын явцыг эрчимжүүлж ажиллахыг дахин анхааруулсан. Хүйтний улирал эхлэхээс өмнө төлөвлөсөн ажлуудаа дуусгаж, намар өвлийн бэлтгэлээ чанартай, саадгүй амжуулах үүрэг өгөв. Мөн коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэхэд онцгой хяналт тавихын зэрэгцээ цар тахлын үед ажил удааширч болохгүй гэдгийг удирдлагуудад сануулав. Эрдэнэт үйлдвэрийн Төв штабын 8 дугаар хуралдааныг 09 дүгээр сарын 04-ний өдөр хуралдуулж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр болон зарим асуудлыг хэлэлцэнэ.