
Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр биелж буйг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Д.Нямдорж дүгнэж хэлэхдээ "Манай үйлдвэрийн бүтээлч хамт олон өнгөрсөн 8 дугаар сарын төлөвлөгөөт зорилтуудаа амжилттай биелүүллээ. Өнгөрсөн сарын эхэнд үйлдвэрийн "Их зогсолт”-ын дараах үйлдвэрлэлийн ажил жигдрэлт, ачаалал ихтэй өдрүүд байсан ч уурхайчид сайн ажилласан. Мөн бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж, Ил уурхайнхан хүдрийн агуулгыг тогтвортой түвшинд барьж чадлаа. Сарын эхний 10-15 хоногт хүдрийн агуулгыг төлөвлөгөөний дагуу жигд байлгаснаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжиллээ. Авто тээврийн цехийн засварчид эвдрэл гэмтэл гарсан техникүүдийг шуурхай засаж, шугамд цаг алдалгүй орууллаа. Энэ бүх үр дүн нь үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар биелэх гол хүчин зүйл болсон” гэж онцолсон юм.