- Өнгөрсөн жил 40.7 сая тонн хүдэр боловсруулсан нь 2018 оныхтой харьцуулахад таван хувиар илүү байжээ
- 2019 онд "Оюутолгой" 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ
2019 онд 321 сая ам.долларыг татварт төлж, 431 сая ам.долларыг үндэсний ханган нийлүүлэлтэд зарцуулжээ. Компаниуд 2019 оны үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд мэдээлж эхэллээ. Үүний нэг нь "Оюутолгой” ХХК. Тус компани өнгөрсөн онд 321 сая ам.долларыг татвар, хураамжид төлж, 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан байна. Ханган нийлүүлэгчдийн 564 нь үндэсний үйлдвэрлэгчид байсан бөгөөд худалдан авалтынхаа 76 хувийг дотоодын компанид төлжээ. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангаар Өмнөговь аймаг 2019 онд найм дахь удаагаа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Тэгвэл орон нутгийн аж ахуйн нэгжүүд ажилтай, орлоготой байхад "Оюутолгой” компанийн худалдан авалт голлох үүрэг гүйцэтгэжээ. Төлөвлөгөө ёсоор уурхайн үйл ажиллагаа агууламж багатай хэсэгт шилжсэнээр ил уурхайгаас олборлосон зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2018 онтой харьцуулахад найман хувиар буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн жил 146,346 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж, 125155 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөгөө биелүүлжээ. Мөн тайлант хугацаанд, 241,840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн жил 40.7 сая тонн хүдэр боловсруулсан нь 2018 оныхтой харьцуулахад таван хувиар илүү байжээ. Нийгмийн анхаарлын төвд байдаг "Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт 2019 онд эрчимтэй урагшилсан. Үндсэн үйлдвэрлэлийн амны барилга, угсралтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сард дуусгасан. Ингэснээр үйлчилгээний амны өргүүр нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай болсон бол үйлдвэрлэлийн амны өргүүр нь нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой. Гүний уурхайгаас хүдрийн биетийг үйлдвэрлэлийн амны өргүүрээр дамжуулан газрын гадарга уруу тээвэрлэн гаргах юм. Бүтээмж сайжруулах ажлын хүрээнд өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн түвшин өсөж гуравдугаар улирлын дундаж болох 1,214 метрээс их буюу дунджаар 1607 метрийн ахиц гаргажээ. Харин дөрөвдүгээр улиралд 1,09 метрийн нэвтрэлт хийсэн байна. Агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил урагшилж байгаа бөгөөд хоёр барилгын хүзүүвчийг суурилуулж дууссан аж. 2020 оны хоёрдугаар улиралд голлох нэвтрэлтийн ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил сүүлийн шатандаа оржээ. "2019 онд "Оюутолгой” компанийн үйл ажиллагааны үзүүлэлт сайн, гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилсан жил байлаа. Бид бүхний Монгол Улсын эдийн засагт оруулах өгөөж нэмэгдэж, дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө маань арван тэрбум ам.доллар давлаа” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес онцолсон юм. Өнгөрсөн оны байдлаар тус компанид 13800 гаруй хүн ажиллаж байгаагийн 93 хувь нь монголчууд байна. Төслийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давжээ.