"Женко” клубын жүдогийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ж.Цэвэлмаатай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу?
-Сайхан. Та сайн уу?
-Олон сараар бүр жил илүү уулзалдсангүй. Уралдаан тэмцээн ч болсонгүй. Өөрийг чинь улсын шигшээ багаас явсанаас хойш уулзах ч завшаан таарсангүй. Одоо хаана ажиллаж байна даа?
-Улсын шигшээ багт зургаан жил дасгалжуулагчаар ажилласан даа. Одоо "Женко” клубтээ хэвээр Хан-Уул дүүргийн салбарт нь хүүхдүүдийг дасгалжуулаад л явж байна.
-Өөрийг чинь уран нугаралт, циркийн акробатаар хичээллэдэг хүүхэд байхдаа нэг л мэдэхнээ жүдо бөх рүү урвасан гэдгийг хэдэн жилийн өмнө ярилцлага авахдаа мэдсэн. Даанч цөөхөн жил барилдсан юм гэдэг?
-Тийм ээ, ердөө найман жил барилдаад хүнд гэмтэл авсаны улмаас дэвжээгээ орхисон. Гэхдээ надад цаанаасаа бурхан заасан юм уу бөхийн спортоос битгий салаарай гэсэн юм байлгүй. Дасгалжуулагчийн албанд 20 гаруй жил болж байна. Миний гаргах байсан амжилтын дутууг шавь нар маань нөхөж байгаа болохоор урам зориг дүүрэн байх юм.
-Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн дасгалжуулагч төдийгүй бараг ээж нь, эгч нь болсон хүн гэж өөрийг чинь хэлдэг юм билээ?
-Тэгэлгүй яахав. Жүдоч бүсгүйчүүдтэйгээ дэндүү дассан. Дасгалжуулагч төдийгүй сэтгэлзүйч нь байхыг санаархдаг. Нэг удаа сэтгэлзүйчид хандаж би сэтгэлзүйч болох эсэхээ шинжүүлж билээ. Давгүй ээ гэсэн хариу сонсоод баярлаж байлаа.
Жүдоч бүсгүйчүүдийнхээ жаргал, зовлонг хуваалцахыг хичээдэг. Хайртай шавь олон бий. Тэдний маань дунд дэлхийн аварга ч бий, тив, дэлхийн медальтнууд бүр олон.
-Заримыг нь нэрлээч гэвэл болох уу?
-Дэлхийн аварга М.Уранцэцэг байна. Намайг улсын шигшээ багт очсны дараагийн жил бид Бразильд болсон дэлхийн аваргын тэмцээнд явсан. Тэгээд М.Уранцэцэг 48 кг-ын жинд дэлхийн аварга болж байлаа. Үгээр хэлэхийн аргагүй сайхан зүүд мэт л санагдсан. Миний даслагжуулагчийн гараа тэгж томоор эхэлсэн юм. Манай Уранцэцэг ёстой л барилдах гэж төрсөн хүүхэд. Бие хаа нь яргай махтай, ясандаа бяртай бөх дөө. Зорилгодоо үнэнч, давна, ялна л гэж барилддаг. Тиймээс дэлхийд нэртэй бөх болсон. Тив, дэлхийгээс хамгийн олон медаль авснаараа Гиннесийн номд бичигдсэн шүү дээ. Сүүлийн жилүүдэд очсон тэмцээн бүрээсээ медаль авсан.
Монголын жүдочдын нэр, нүүрийг тахалж явсан. Харамсалтай нь ганц зорилгоо биелүүлж чадсангүй. "Токио-2020” олимпод оролцохоор их бэлтгэсэн. Цар тахлын улмаас олимп хойшилж шавь маань одоо арга буюу зодог тайлах нь. За тэгээд 2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа гээд олон шавь бий дээ.
-Өөрийг чинь жаахан ширүүндүү багш гэж зарим нь хэлдэг юм билээ?
-За тийм ээ. Би чинь хатуу талдаа багш. Ер нь тамирчин хүнд жаахан хатуу гар хэрэгтэй гэж боддог. Загнах бол энүүхэнд, заримдаа дэлсээд авах нь бий. Тэр дэлсүүлж байсан нөхдийн л яриа биз. Юу юуны тухайд хүрээгүй хайрлаж нялцагнаад байх муу. Ер нь гайгүй тамирчин болгохын өмнө зөв хүмүүжил, төлөвшилтэй хүн бэлтгэх нь чухал юм шүү. М.Уранцэцэгийг дэлхийн аварга болох тэр тэмцээн дээр гэхэд түүнийг ялаад бууж ирэх болгонд нь дотроо баярласан ч "Дахиад удахгүй барилдаан бий” гэхээс өөрийг хэлээгүй. Мань хүн жаахан гомдсон царайтай л харагддаг байлаа. Яг дэлхийн аварга болж Японы бөхийг өчих мэхээр цэвэр ялсаны дараа л "Миний охин сайн байна” гэж хэлээд тэвэрч дахин дахин үнссэн.
-Мартсанаас мал мэнд үү гэдэг шигээр асуухад барилдаж байх үедээ ямар амжилт үзүүлсэн билээ?
-Улсад найман удаа түрүүлсэн минь гол амжилт. Жүдогоор дэлхийн тэмцээнээс медаль авч чадаагүй. Харин самбогийн дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медалийг авчирсан эмэгтэйчүүдээс анхны тамирчин гэгддэг. Үүндээ бас баярлаж явдаг даа.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин