Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн "Их дуулга”-ын тэмцээн боллоо. Таван тивийн 115 улсын 683 бөх өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман тамирчин хурд хүчээ сорив. Тэмцээний эхний өдөр 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн 48 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг, 60 кг-д Д.Амартүвшин нар хүрэл медалийн эзэн болсон бол 73 кг-д олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар, 66 кг-д Ё.Басхүү нар мөн хүрэл медалийн тавцанд зогссон юм. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнд оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорсон билээ. Энэ удаагийн Их дуулга”-ын тэмцээнд Хятадын жүдогийн үндэсний шигшээ баг албан ёсоор нэрээ татаж оролцоогүй юм.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн” сонин