Боловсрол, шинжлэх ухааны яам их, дээд сургуулийн сургалтын чанар, стандартыг тасралтгүй сайжруулах зорилгоор чанарын баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлэх, бэхжүүлэхэд анхааран ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд БШУЯ Сингапурын Темасек сантай гэрээ байгуулан 2 жилийн хугацаанд дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэхэд оролцох, дасан зохицох, дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэгжүүлэх, нэвтрүүлэх үйл ажиллагааг чиглүүлэх зорилготой "Чанарын баталгаажуулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ.
Эхний удиртгал сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Сингапурын Политек, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран цахим сургалтыг зохион байгууллаа. Эхний 2 өдрийн сургалтанд их, дээд сургуулийн 130 удирдах ажилтан, мэргэжилтэн оролцож, дээд боловсролын чанарын баталгаажуулалт, түүний үндсэн зарчим, гол онцлог, үндсэн чиглэл, бодлогын гол хэрэгсэл, чанарыг шалгах аргуудтай танилцаж, багаар ажиллан, тодорхой мэдлэг чадварыг эзэмшлээ.Энэхүү хөтөлбөр нь дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанар, стандартыг улам бэхжүүлэх зорилгоор 2 жил үргэлжлэх бөгөөд цуврал сургалтад хамрагдсан 25 мастер багш бэлтгэгдэнэ.