Японы Тиба мужид нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас найман хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүй байна.
Баасан гарагт Тиба мужид хагас өдрийн дотор сарын дундаж хэмжээтэй тэнцэх хур тунадас орж, долоон гол үерлэсэн байна. Түүнчлэн олон газарт хөрсний гулгалт болжээ.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо байгалийн гамшгийн уршгийг арилгах төв штабын хурлын үеэр "хүмүүсийн амь насыг аврахын тулд бүхнийг хийхийг” үүрэг болгосон байна.
"Хүмүүсийг аврахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах хэрэгтэй, мөн дэд бүтцийг яаралтай сэргээх, байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлэхэд орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай байна” гэж тэрбээр хэлжээ.