Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор "8,000 хүүхэд тутамд хүүхдийн байцаагч” байхаар нэмэлт орсонтой холбогдуулан алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдэд 2021 оноос хүүхдийн байцаагчийн албан тушаалын орон тоог нэмэхээр төсөвлөгдсөн.
Иймд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хүүхдийн байцаагчийн сул орон тоог цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан бакалавр түүнээс дээш боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй алба хаагчдаас сонгон шалгаруулах ажлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Дээрх шаардлагыг хангасан ахлагчийн албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчид 2020 оны арванхоёрдугаар сарын 7-21-ний өдрүүдэд hrm.police.gov.mn цахим хаягаар бүртгүүлэх юм.
Алба хаагчдад тавигдах ерөнхий шаардлага:
Эрх зүйн бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажилласан байх
Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн байх, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих чадвартай байх,
Багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэх чиглэлийн мэргэжилтэй болон нэг жилээс доошгүй хугацаагаар дээрх мэргэжлээр ажилласан бол давуу тал болно. Тодруулах зүйлийг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 70191041, 70191043 дугаарын утсаар холбогдож лавлана уу.