Монголын Эмнести Интернэшнл ТББ 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр "Эмч, эмнэлгийн ажилтан, зайлшгүй шаардлагатай ажилтны эрх"-ийн асуудлаар Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүд болон Эрүүл мэндийн яамны дэд сайд Ш.Анхмаа, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах нартай уулзалт зохион байгууллаа.
Монголын Эмнести байгууллага нь өнгөрсөн сард "КОВИД-19" цар тахлын халдвар, хамгаалал, эмчилгээний нөхцөл байдалтай танилцах, мэдээлэл солилцох зорилгоор тус яамтай уулзалт зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийн уулзалтад ХЭҮК-ын гишүүдийг урьж оролцуулсанаар талууд харилцан мэдээлэл солилцоод зогсохгүй, Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2020 оны 11 дүгээр сарын 28-наас өнөөдрийг хүртэл хийсэн дүн шинжилгээ, шинэ коронавирусын шинжилгээ авах цэгүүдийн үйлчилгээ, Нийслэлийн орц, гарцуудтай холбогдон үүссэн хүний эрхийн асуудлууд, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан шалгалтын дүн зэргийг харгалзан үзэж яаралтай арга хэмжээ авч ажиллах талаарх санал болон энэ сорилтын үед эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарын хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хөндөн хэлэлцлээ.
Цахим уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, П.Мөнхжаргал нар оролцож байр сууриа илэрхийллээ.