Эрүүл мэндийн яамнаас урд хөршид гарсан коронавирусын халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар ээлжит мэдээллийг өгч байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Ковид 19 халдвар Азийн 12 оронд бүртгэгдээд байна. Тэр дундаа монголчуудын ихээр зорчдог Япон, Сингапур, Тайвань зэрэг оронд халдвар нэмэгдсээр байна. Тиймээс та бүхэн дор бүрнээ урьдчилан сэргийлэх арга буюу зөвлөмжийг хэргжүүлэх нь зүйтэй." гэв.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: "Өнөөдөр 10:00 цагийн байдлаар ковид 19-ийн халдвар авсан хүний тоо 75182, нас баралт 2009 байна. Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдол 1851 байгаа бөгөөд нас баралт 137-оор нэмэгдсэн. БНХАУ-аас гадна дэлхийн 25 улсад 900 тохиолдол бүртгэгдээд байгаа.
Шинэ коронавирусын халдварын тохиолдлуудад хийсэн судалгаагаар өвчлөлийн 81 хувь нь хөнгөн, 14 хувь хүнд, үлдсэн 5 хувь нь нэн хүнд явцтай байна. Мөн БНХАУ-д эрүүл мэндийн 3019 ажилтан халдвар авснаас 14.6 хувь нь маш хүнд байгаа.
Одоогоор Хятадад 80 гаруй эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байгаа бөгөөд эхний үр дүн дөрөвдүгээр сард гарна." гэлээ.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл: "ДЭМБ-аас улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэжлүүлэхийг уриалж байгаа. Сая 17 байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг эрсдлийн үнэлгээг тав дахь удаагаа хийж, эрсдлийн төвшин өндөр байна гэж дүгнэлээ.
Халдвар буурахгүй, оргил үе тохиож байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг гуравдугаар сарын 30-н хүртэл сунгалаа. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс маргааш хуралдана." гэсэн юм.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэнийг тусгаарлаж шинжилгээ авсан бөгөөд таван хариу сөрөг/халдваргүй/ гарсан. Өчигдөр буюу 18-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдэгүй. Өнөөдрийн байдлаар тусгаарласан сэжигтэй тохиолдол алга байна.” гэлээ.
Мөн мэдээллийн үеэр лаборатори, оношлуурын талаар ЭМЯ-ны эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн хэлэхдээ ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мэргэжлийн боловсон хүчин хангалттай байдаг.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лабораторийн хувьд Японы халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан. Тиймээс иргэдэд айж, сандрахгүй байхыг зөвлөсөн юм.