БНХАУ-д тархаад буй шинэ төрлийн коронавирусын халдварын тархалт болон Монгол Улсад авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх ажлын талаар ЭМЯ ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Дэлхий дахинд шинэ коронавирусын халдвар тархах нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед ЭМЯ-наас үнэн бодит, баталгаат мэдээллийг хурлаараа дамжуулан өгч байгаа.
Олон нийтэд дуулгах таатай нэг мэдээ бол Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар "Нэг дэлхий-Нэг хүч" уриан дор БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нарт нэг өдрийн цалингаа хандивлах болсон явдал юм. Энэхүү тусламж нь тухайн бүс нутагт ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.” гэв.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: "Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар коронавирусын 73331 тохиолдол, 1872 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 25 улсад 803 тохиолдол, 3 нас баралт гараад байна. Нийт тохиолдолд хийсэн судалгаагаар халдварын 86.6 хувь нь 30-70 насанд илэрсэн.
Шинэ коронавирусын халдварын дэгдэлт өнгөрсөн сарын 23-26-нд оргилдоо хүрч, одоо буурах хандлага ажиглагдаж байна. Эмнэлгийн 1716 ажилтан халдвар авснаас 5 ажилтан нас барсан.
Халдвар нэг хотоос маш хурдацтайгаар тархсан. Үүний улмаас 1000 ортой эмнэлэг барих, эрүүл мэндийн, цэргийн ажилтнуудыг дайчлах гэх мэтээр эрчимтэй арга хэмжээ авсан ч дэгдэлт тодорхой хэмжээнд байсаар байна.
ДЭМБ COVID-19 халдварыг хоёрдугаар зэргээр бүртгэж эхэлсэн бөгөөд хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа." гэлээ.
ЭМЯ-ны эм зүй, эм судлалын салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал: "Халдварын нас баралтыг бууруулах эмнэлзүйн тушилтуудыг хийсээр байгаа. БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн. Тухайлбал, уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусын эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаагаар тогтоосон байгааг эх сурвалжууд танилцуулсан." гэсэн юм.
ЭМЯ-наас олон нийтийг урьдчилан сэргийлэх арга буюу маск хэрэглэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байх, мөн иргэдийг аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хот хооронд, орон нутаг хооронд зорчихгүй байхыг зөвлөж байна.
Халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн иргэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй ч эмнэлэгт хандаж байгааг мөн хэллээ. Тодруулбал, Говьсүмбэр аймагт эмнэлэгт хандсан иргэн БНСУ-д 14 хоног аялаад ирсэн учраас эмнэлгийн байгууллагад хандсан бол, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн Тайваньд зорчоод ирсэн байна. Тиймээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч сэжиг бүхий тохиолдолтой бол эмнэлгийн байгууллагад хандах нь зүйтэй болохыг сануулж байв.