Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн байгууллагуудаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн ч албан ёсоор халдвартай тохиолдол бүртгэгдээгүй байгааг онцлов.
ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүү "Бүртгэгдсэн бүх сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг буюу коронавирусын халдвар илрээгүй гэж гарсан. Ухань хотоос ирсэн 31 хүний тусгаарлах хугацаа дөхөж байгаа. Тэдгээр хүмүүс сэтгэгдэл өндөр байгаа” гэсэн юм.
Өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа ч өнөөдрийн мэдээллээр хэд хэдэн шинэ мэдээлэл өгөв.
Тухайлбал ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвийн дарга Д.Нарангэрэл "Уг өвчний вирус модон гадаргуу дээр 9 хоногийн турш байдаг. Халдвартай хүнээс гарч буй бүх шингэнээр дамжиж халдварладаг. Агаарын дуслын замаар, хавьтлын замаар, хүрэлцэх байдлаар, ялгадас буюу өтгөн, шээсээр дамжин халдварладаг. Эмнэлгүүд уг өвчин илэрлээ гэхэд хэрхэн эмчлэх талаарх сургалтад суралцсан бөгөөд галт тэргэн дотор эмч нар ажиллаж бүх хүмүүсийн халууныг 2-3 удаа хэмжиж байгаа. Гэхдээ энэ өвчин нь "Меrs”, Sars-тай харьцуулахад их хурдацтай тархаж байгаа тахал хэлбэрийн өвчин гэдгийг онцоллоо.
Эхний үед 2-5 хүнийг халдварлуулж байсан гэж мэдээлж байсан бол өнөөдөр 14 хүн халдварлах эрсдэлтэй бөгөөд 24 хоногийн хугацаанд 25 улсад тархаад байгаа, голомттой улсад зорчоогүй Европын орнуудад ч халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа нь агаар дуслын замаар хурдацтай тархаж буйг илтгэж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Ойрын хугацаанд ДЭМБ-аас 3000, Япон улсаас 1000 ширхэг оношлуур ирэх юм байна.