ДЭМБ-аас эмнэлгийн ажилтнуудад 5 нэр төрлийн хамгаалах хэрэгслийг ЭМЯ-нд өнөөдөр хүлээлгэн өгсөн юм.
Үүнд хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, N95 тэмдэглэгээтэй амны хаалт, нэг удаагийн амны хаалт, халад, гар ариутгагч зэрэг эмнэлгийн хэрэгслийг тусламжаар ирүүлсэн байна. Эдгээр эмнэлгийн хэрэгслийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулав.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Шинэ коронавирусын халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байна. ДЭМБ-ын өнөөдрийн мэдээллээр дэлхий дахинд уг халдварын 44886 тохиолдол бүртгэгдэж, 1118 хүн нас барсан. Мөн БНХАУ-аас гадна 25 улсад халдварын тохиолдол бүртгэгдсэн. Манай улс БНХАУ-тай хиллэдэг учир шинэ коронавирусын халдвар тархах өндөр эрсдэлтэй. ДЭМБ-аас бидэнд нэмэлт заавар зөвлөмж өгч ажиллаж байна. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт шинэ коронавирусээс хамгаалах хэрэгсэл өгч хамгийн түрүүнд тусламжийн гар сунгасанд ДЭМБ-д монголын ард түмэн, эрүүл мэндийн ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлж байна.” гэлээ.
Ийнхүү ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар манай улсад дэмжлэг үзүүлэнд мэргэжилтнүүд талархаж хандаж байв. Тусламжаар ирсэн эмнэлгийн хэрэгслийг ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
Erennews.mn