Өчигдөр УОК коронавирусын асуудлаар шуурхай хуралдаж, тус хурлаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм.
Улс орнууд шинэ коронавирусын халдвараас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж буй энэ үед дэлхий нийтээр амны хаалт хомсдож эхэлснийг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом онцлон тэмдэглэжээ. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар экспортын маск хүлээж суух биш, хууль хүчний байгууллагуудын дэргэдэх үйлдвэрүүдэд эрэлт ихтэй байгаа энэ үед ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу амны хаалт үйлдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Тэрбээр, Цэргийн оёдлын "Бөртэ” үйлдвэр, Хил хамгаалах ерөнхий газрын 288 дугаар анги, ШШГЕГ, ЦЕГ-ын оёдлын үйлдвэрт амны хаалт оёж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн юм. Мөн аймаг, нийслэлийн хэмжээнд амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг орон нутгийн онцгой комиссын дарга нарт үүрэгдлээ. Дотооддоо дутагдалтай байгаа энэ үед амны хаалт экспортлохыг хориглож, харин ард иргэдээ нийлүүлэлтээр хангахыг хүссэн юм.
Коронавирусын халдвараас сэргийлэх гол арга бол амны хаалт хэрэглэх, гараа маш сайн савандаж угаах, биеийн дархлаа дэмжиж, олон нийтийн газраас сэлгүүцэхгүй байх. Тиймээс хүн бүр эрүүл мэндээ сахин хамгаалж, энэ эгзэгтэй эрсдэлтэй үед хариуцлага алдаж болохгүйг УОК-ын гишүүд хуралдааны үеэр сануулж байв.