Бид биш байгаасай л гэж найдаж сууна. Шинжилгээ авч ХӨСҮТ рүү явуулсан
Уулзсан болон ойр орчимд нь байсан хүмүүсээс одоогоор ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна
Өвөрхангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч тусгаар-лажээ. ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт мал маллаж байгаад ирсэн 21 настай залуу өндөр халуурч аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдварт өвчинтэй тэмцэх тасагт тусгаарлан эмчлүүлж байна. Энэ талаар тус аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шивааннүрдэвээс тодрууллаа.
-Коронавирусийн сэжигтэй гэж тусгаарласан залуугийн биеийн байдал ямар байгаа вэ?
Биеийн байдал нь тогтвортой байна. Шөнө халуураагүй хонолоо. Бид бүх бололцоогоороо эмчилгээ хийж байгаа. Залуугийн ойр орчимд байсан, уулзсан хүмүүсийг нь тандалт судалгаанд хамруулж байна. ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт 10 хоног байсан. Ирэхдээ автобусны тасалбар олдохгүй Эрээнд хоёр хоносон юм билээ. Улаанбаатарт автобусаар ирээд автовокзалаас аймгийн автобусанд сууж ирсэн. Ирснийхээ дараа танил айлдаа очиж бууз хийсэн гээд явсан газруудыг нь тодруулсан. Уулзсан болон ойр орчимд нь байсан хүмүүсээс одоогоор ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна. Бид биш байгаасай л гэж найдаж сууна. Шинжилгээ авч ХӨСҮТ рүү явуулсан.
-Танай эмнэлэг бэлэн байдлыг хэр хангаж ажиллаж байгаа вэ. хэрэв халдвар илэрлээ гэхэд амны хаалт, эм тариа, хамгаалалтын хувцас хэрэгсэл хүрэлцээтэй юу?
Аймгийн Онцгой комиссоос тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж хамгаалалтын хувцас хэрэгсэл захиалаад байна. Амны хаалт, ариутгалын бодис хомсдолтой байгаа. Эмийн компани руу захиалга өгсөн, ойрын үед хангалт сайжрах байх. Бүх газруудад ариутгал халдваргүйжилт хийж байна. Дэлхий дахинд халдвартай хүмүүсийн тоо нэмэгдэж, анхаарал сулруулж болохгүйг цаг үргэлж сануулсаар буй. Тиймээс манай улс ч гэсэн анхаарал сэрэмжээ дээшлүүлж, хүн бүр амны хаалт хэрэглэж, байнга гараа ариутгаж хэвшмээр байна. монгол, хятад хоёр улсын гол дамжин өнгөрдөг хилийн боомт Эрээний удирдлагууд хяналтаа чангатгаж, онц байдал зарлаад байгаа аж.