Энэ оны 12 дүгээр сарын 11-ний өдөр Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Ахлах албан тушаалтны хурал цахим хэлбэрээр боллоо.
Энэхүү цахим хуралд АХАИББХ-ын гишүүн 27 улсын ахлах албан тушаалтнууд буюу Гадаад хэргийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох газрын захирал нар оролцож, АХАИББХ-ын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон АХАИББХ-ын нарийн бичгийн дарга нарын газрын төсвийг хэлэлцэн батлав.
Хуралдааны үеэр АХАИББХ-ын даргалагч Бүгд Найрамдах Казахстан Улс АХАИББХ-ын сан, зөвлөл байгуулах санаачилгуудаа танилцуулав. Хуралдааны шийдвэрээр АХАИББХ-ын Нарийн бичгийн даргын газар гишүүн орнуудын саналыг тусгаж дараагийн хурлаар санаачилгуудыг хэлэлцүүлэхээр болсон байна.
Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлж ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа оролцов.
АХАИББХ нь Азид энх тайван, тогтвортой болон аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой олон улсын хурал бөгөөд эдүгээ 27 гишүүн, 13 ажиглагч гишүүнтэй.