Монгол, Бахрейн улсын Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт энэ сарын 5-6-нд Бахрейны нийслэл Манама хотноо боллоо.
Уулзалтыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Бахрейны ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Дэд сайд Др. Шейх Абдулла бин Ахмад Аль-Халифа нар тэргүүлэн оролцож хоёр талын харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны төлвийн талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
Тодруулбал, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, түүний дотор Бахрейны Хаан, Гадаад хэргийн сайд нар Монгол Улсад айлчлах урилгатайг нотолж, улмаар хүлээн авч айлчлуулах, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмыг тогтмолжуулах, аялал жуулчлал, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцсан байна.
Мөн Засгийн газар хоорондын дээд комисс байгуулах, Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын Их Сургууль, Бахрейны Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны тухай баримт бичгүүдийг тус тус байгуулах чиглэлээр ажиллахаар тогтжээ.
Хоёр тал банк, санхүүгийн салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцэж, Бахрейны банк, санхүүгийн салбарын туршлагаас суралцах, энэ чиглэлээр Монголын мэргэжилтнүүдийг Бахрейны банк, санхүүгийн хүрээлэнд урт, богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх, Монголбанк, Бахрейны Төв банк хооронд хамтын ажиллагаа тогтоох эхлэлийг тавихаар тохиролцов.
Үүний зэрэгцээ бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлууд, мөн НҮБ болон бүс нутаг, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон байна.