ТОКИО./Kyodo/.Мягмар гарагт Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзаж, БНАСАУ-тай өрнүүлж буй цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсон энэ үед Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тогтвортой байдлыг баталгаажуулахад гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ.
"Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги, АНУ-ын Гадаад хэргийн сайд Майк Помпео, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва нарын Сан-Франциско хотноо болсон уулзалтаар бүс нутагт энх тайвныг цогцлооход хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон” гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлсэн байна.
Т.Мотэги, Кан Кюн Ва нар мөн ганцаарчлан уулзаж, хоёр орны хооронд үүсээд буй дайны үеийн нөхөн төлбөр болон худалдааны бодлогын маргааныг зохицуулах чиглэлд хүчин чармайлт гаргах талаар хэлэлцжээ. Токио, Сөүл хоорондын маргаанаа шийдвэрлэх нь гурван талын хамтын ажиллагааг хэвээр үргэлжлүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой хэмээн Вашингтон үзэж байна.
2018 оны сүүлээрБНСУ-ын Дээд шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы фирмүүдээс шаардсантай холбоотойгоор хоёр талын хурцадмал байдал даамжирчээ.Японы засаг захиргаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үздэг байна.Түүнчлэн 2019 оны долдугаар сард Япон экспортын хяналтаа чангатгасан юм. Япон, БНСУ-ын худалдааны төлөөлөгчид уг асуудлыг шийдвэрлэхээр хоёр талын хэлэлцээг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлжээ.