"Хөрш маань яндангаа хөөлөхийг анх удаа харлаа”
Гар утсанд маань өдөр болгон сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх тухай, угаарын аюулаас урьдчилсан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг ирдэг болжээ. Хэдхэн хоногийн өмнө гал түлэхээс айж суусан гэр хорооллын иргэд галаа зөв түлж сурсан уу, ямартай ч угаартсан гэх иргэдийн дуудлага буурсныг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэх болсон.
Улаанбаатарын гамшиг болсон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлэн хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон тогтоол гаргаж, нийтээрээ сайжруулсан түлш хэрэглэх шийдвэр гаргасан юм. Гэвч, сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлснээс хойш олон хүн, угаартаж, амь насаа алдсан тохиолдол гарсан. Тиймээс мэргэжилтнүүд зуухны битүүмжлэлээ сайжруулах, яндангаа хөөлөх, сайжруулсан түлшийг зөв түлэх тухай сурталчилгаа, мэдээллийг мессежээр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, зурагт хуудсаар иргэдэд хүргэсээр байгаа билээ. Энэхүү зөвлөмжийг иргэд хэрхэн мөрдөж байгааг, сайжруулсан түлшийг зөв түлж буй эсэхийг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн VIII хороог зорьсон юм. Биднийг 19.00 цагийн үед тус хороонд очиход айлууд дөнгөж галласан бололтой яндангаас нь шингэн саарал утаа суунаглаж байв. Нарийн гудамжны төгсөлд байх хашааны хаалгыг тогшвол арав гаруй насны нэгэн хүү гарч ирэв. Удалгүй, араас нь нэгэн хөгшин гарч ирж, бидэнд ярилцлага өгөхийг дуртайяа зөвшөөрсөн юм. Түүнийг С.Үржин гэдэг бөгөөд Баянзүрх дүүргийн VIII хороонд оршин суугаад 15 жил болж байгаа гэнэ. Тэрбээр сайжруулсан түлшний зөвлөмжийг сайн хэрэгжүүлж байгаагаа дуулгаад, хөрш айлууддаа энэ талаар давхар сануулдаг тухай ч ярив. С.Үржин энд 15 жил амьдрахдаа хөрш айлаа яндангаа хөөлөхийг анх удаа харсан нь энэ жил аж.
САЙЖРУУЛСАН ТҮЛШ АЙЛУУДЫГ АЖИЛСАГ БАЙХЫГ ШААРДАЖ БАЙНА
-Сайжруулсан түлш зөв түлэх тухай зөвлөмжийг та хэр авч байна. Уг зөвлөмжийн дагуу галаа зөв галлаж чадаж байна уу?
-Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх талаар зурагтаар байнга мэдээлэл өгч байна лээ. Тэр зөвлөмжийн дагуу галаа түлдэг. Бас хажуу хавийнхандаа ч сануулдаг.
-Зөвлөмжийг мөрдөх болон сайжруулсан түлшийг ашиглахад ямар асуудал байна вэ?
-Мод их ордог юм байна. Ноцож байгаа үедээ их сайхан илчтэй байдаг ч цог гэх юм үлддэггүй болохоор дахиж модоор галлах шаардлагатай юм билээ. Бас үнэртэй болохоор нь галлахдаа, үнс авахдаа маск байнга хэрэглэж байгаа.