"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Рентген, шуурхай шинжилгээний лабораторийн хэсгийн хамт олон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн 6-р секцийн хам баяжмалын бүтээгдэхүүн дээр Австрали улсад үйлдвэрлэсэн, шингэн дээжийн "Amdel MEP-300” анализатор ажилд орууллаа.
Мөн шинжилгээний зааланд геологийн болон таваарын баяжмалд металлын агуулга, хортой хольцын хэмжээ тодорхойлох, хуурай шинжилгээний "QUANTX” анализатор үйлдвэрлэлд нэвтрүүлэв.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан угсралт, тохиргоо, туршилт хийх гадаадын мэргэжилтнүүд ирэх боломжгүй болсон тул тус цехийн инженер техникийн ажилтнууд тоног төхөөрөмжийн угсралт, техникийн болон арга зүйн тохиргооны ажлыг өөрсдийн хүчээр гүйцэтгэж ашиглалтад амжилттай орууллаа. Ингэснээр, Баяжуулах үйлдвэрийн технологийн процессын шинжилгээний шуурхай байдал, хяналт, удирдлага сайжирч, Ил уурхайн хүдэр болон Чанарын хяналтын хэлтсийн таваарын баяжмалын хэмжилт, шинжилгээний чанарт ахиц гарч байна. Түүнээс гадна Баяжуулах үйлдвэрийн 6-р секцийн баяжмалд агуулагдах зэс, молибден төмрийн агуулгыг "Amdel MEP-300” анализатораар нэг минут тутамд тодорхойлон гаргаснаар технологийн процессыг зөв удирдах, металл авалтыг нэмэгдүүлэх үр ашигтай юм.