Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн хамт олон энэ сард 600 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Үүнээс 150 сая төгрөгийн бүтээгдэхүүн нь ажлын хувцас бол үлдсэн төсөвт ажил нь баяжмалын уут ажээ. Өнгөрсөн сард тус цехийнхэн баяжмалын уут үйлдвэрлэхийн зэрэгцээ 1000 ширхэг молибдены уут шинээр оёж нийлүүлжээ. Оёдлын цехийнхэн сард 14-15 мянган ширхэг зэсийн баяжмалын уут үйлдвэрлэхээр төлөвлөж, энэ төлөвлөгөөгөө 100-110 хувиар тогтмол биелүүлж байна. Мөн ажлын хувцасны төрөл нэмэгдүүлэх зорилгоор дулаалгатай хувцас болон байгаа материалын нөөцөд тулгуурлан инженер техникийн ажилтнуудын шинэ загварын ажлын хувцас үйлдвэрлэж эхэлжээ. Эднийх үндсэн үйлдвэрлэлээс гадна сар бүр захиалгат ажлын төлөвлөгөө гарган, бусад цехийн захиалгыг хүлээн авдаг. Өнгөрсөн сард есөн сая төгрөгийн захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж, 16 сая төгрөгийн бүтээгдэхүүн цех хоорондын тооцоогоор үйлдвэрлэжээ. Тухайлбал, Захиргаа, аж ахуйн цехийн захиалгаар бэлэг дурсгалын 200 ширхэг уут оёж нийлүүлсэн байна.