Шинэ коронавирусний халдвараас урьдчилсан сэргийлэх, уурхайчдынхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ.
Оёдолчид ажлын хувцас, баяжмалын уут оёхын хажуугаар 30.000 амны хаалт үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Оёдлын цехийн орлогч дарга Ж.Мөнх-Оргил: "Манай эсгүүрчид 10 мянган амны хаалтны эсгүүрийг хоёр хоногт гаргасан. Бид сар шинийн баяраас өмнө тодорхой хувийг бэлтгэх, үлдсэнийг баярын дараа үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 30.000 гэдэг бага тоо биш. Тиймээс Эсгэх цехийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаас гадна зөөлөн оёдлын 40 гаруй ажилтан энэ ажилд оролцоно. Ирэх 7 хоногт эхний ээлжийн амны хаалтыг ажилчдын хувцасны агуулахаар дамжуулан олгоно. Цаашид ажилчдыг амны хаалтаар тасралтгүй хангахыг зорьж байна" гэжээ.
Амны хаалтыг цэвэр даавуун материалаар үйлдвэрлэхийн зэрэгцээ 2-3 давхар байхаар тооцоолжээ. Даавуун материалаа аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газарт шинжлүүлж, зохих зөвшөөрөл авсны дагуу үйлдвэрлэлээ эхлүүлээд байгаа аж.
Сонирхуулахад, 6000 гаруй ажилтантай Эрдэнэт үйлдвэр хоногт 89 мянган тонн хүдэр боловсруулж, минутад 1.8 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлдэг. Монгол Улсын ТОП 100 ААН-ийн жагсаалтыг 2004 оноос хойш 14 удаа тэргүүлсэн үндэсний томоохон үйлдвэр юм.
Montsame.mn