Хятадад шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэнтэй холбогдуулан тус улсын автомашин, гар утас, хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд өөрчлөн засварласан үйлдвэрүүддээ амны хаалтыг олноор үйлдвэрлэхээр болжээ.
Хятадад өсөн нэмэгдэж буй мэс заслын амны хаалт, хамгаалалтын хувцасны эрэлт хэрэгцээг хангахын тулд тэдгээр компани шинэ үйлдвэрлэлийн шугам худалдан авж, хэрэглэгдэхгүй байгаа шугамуудынхаа оронд ашиглан дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажээ.
Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч "BYD” компани өдөрт 5 сая амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бол цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч, "Apple” компанийн гол нийлүүлэгч "Foxconn Technology” компани энэ сарын сүүл гэхэд өдөрт 2 сая амны хаалт үйлдвэрлэхээр тооцоолжээ.
Мөн "Harbin Pharmaceutical” компани "N95” амны хаалтыг үйлдвэрлэх хоёр үйлдвэрлэлийн шугам худалдан авсан бөгөөд ирэх даваа гарагаас эхлэн өдөрт 20-30 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ хүүхдийн живх үйлдвэрлэгч "Daddy Baby” энэ сарын дунд үеэс эхлэн өдөрт 1.4 сая амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.