БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД
Л.ЭНХ-АМГАЛАН ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангарагаа өргөж, захирамжаа гардан авав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүрэлцэн ирж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрт оруулж, салбарт дорвитой ахиц гаргах хэрэгтэй байна. Боловсролын салбар дэлхийд өрсөлдөх чадвартай байх ёстой. Улсын Их Хуралд гурван удаа сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай түшээг салбарын сайдаар томиллоо. Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон өөрчлөлтийг гаргана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсынхаа боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн төлөө салбарын яамны хамт олонтойгоо нэг баг болж ажиллана” гэсэн бол Сайд асан Л.Цэдэвсүрэн нийгмийн хамгийн оюунлаг, гэгээлэг салбарын сайдаар томилогдсонд баяр хүргэе гээд салбарт хийгдэж буй шинэчлэлүүдийг үргэлжүүлэхийг хүслээ.