Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжиж буй сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, сурагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлэх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, түүнд дүн шинжилгээ хийх, үр дүнд суурилсан үйл ажиллагааг төлөвлөх, багшлахуй болон суралцахуйд чиглэсэн шийдвэр гаргах арга зүйд суралцуулах зорилго бүхий цахим сургалт эхэллээ. Сургалт 12 дугаар сарын 23-24-нд болно.
Цахим сургалтыг нээж Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.Ган-Эрдэнэ нар үг хэллээ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүд болон зарим аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн 2200 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байгаа юм.
Сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, "А plus” компани хамтран зохион байгуулж байна.