Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Элчин сайд М.Клечески Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол, Америкийн харилцаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна.
Сайд Б.Батцэцэг АНУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар АНУ-тай худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ.
Тухайлбал, монголын залуусын англи хэл сурах боломжийг нэмэгдүүлэхэд Энхтайвны корпустай ажиллаж ирсэн туршлагыг түшиглэн хамтран ажиллах боломжтой онцолсон байна. АНУ-ын Энхтайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ой 2021 онд тохиож байна. Мөн талууд КОВИД-19 цар тахлын үед бие биеэ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийлэв.
Сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Шүлц таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсэн байна. Ж.Шүлц нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурсан түүхтэй гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.