Токиогийн олимпын наадам болох үеэр спортын байгууламжуудад үзэгчдийг байлгах эсэх тухай шийдвэрийг гуравдугаар сарын эцсээр гаргана хэмээн "Токио-2020”-г зохион байгуулах хорооны тэргүүн Сэйко Хашимото мэдэгджээ.
"Олимпын бамбарын буухиа эхлэх үеэр энэ асуудлыг бид нэг тийш нь цэгцлэх хэрэгтэй” хэмээн Хашимото хэлсэн байна.
Олимпын наадмын бамбарын буухиа 3 дугаар сарын 25-нд Фукушима мужаас эхэлж, 121 хоног үргэлжлэх юм. Бамбарыг Японы бүх 47 мужаар буухиалан авч явахаар төлөвлөж байна.
Японы нийслэл Токио хотноо энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зуны Олимпын наадам болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг хойшлуулсан хэдий ч "Токио 2020” нэрийг нь хэвээр үлдээхээр болсон юм.
ЭХ СУРВАЛЖ /Nikkan Sports/.