БНХАУ "Chang'e-5” сансрын автомат станцаар авчирсан Сарны дээжийг олон нийтэд сонирхуулахаар Хятадын Үндэсний музейд бямба гарагт дэлгэн тавьжээ. Сарны гадаргуугаас цуглуулсан дээжийг хиймэл болроор хийсэн саванд хийжээ.
Хятадын үндэсний хүрэл эдлэл болох "зунь”-ийн загвараар бүтээсэн уг сав нь 38.44 см өндөр, 22.89 см өргөн юм. Эдгээр хэмжээ нь Дэлхийгээс Сар хүртэлх дундаж зай /384400 км/ болон "Chang'e-5” аппаратын судалгаа хийсэн хугацааг /22.89 хоног/ төлөөлж байгаа ажээ.
Үндэсний музейд зохион байгуулж буй үзэсгэлэнд Сарны дээжээс гадна сансрын аппараттай холбоотой 40 гаруй үзмэрийг гэрэл зураг, дүрс бичлэгүүдийн хамтаар дэлгэн тавьжээ. Уг үзэсгэлэнг Бээжин хотод дэлгэсний дараа Сарны дээжийг орон даяар аялуулан үзүүлнэ.
"Chang'e-5” нь Сарнаас 1731 грамм дээж цуглуулсныхаа дараа өнгөрсөн 12 дугаар сарын 17-нд Дэлхийд эргэн ирсэн юм.