АНУ-ыг Саран дээр сансрын эмэгтэй нисэгчээ буулгасан, мөн Ангараг гараг дээр далбаагаа мандуулсан дэлхийн анхны улс болгохын тулд "Artemis” сансрын хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлэхийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессынхоо гишүүдэд хандан уриалжээ. Энэ тухай Америкийн удирдагч Конгрессын Сенатын болон Төлөөлөгчдийн танхимд "Улс орныхоо байдлын талаарх” жил тутмын илгээлтээ тавихдаа мэдэгдсэн байна.
""Artemis” хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлэхийг би Конгрессоос хүсэж байна. Ингэснээрээ Сарны гадаргуу дээр буусан дараагийн эрэгтэй нисэгч болон анхны эмэгтэй нисэгч нь Америкийн сансрын нисэгчид байхын баталгаа болно. Үүнийг Америк улсыг Ангараг гараг дээр далбаагаа мандуулсан дэлхийн анхны улс болгох гарааны тавцан болгон ашиглана” гэж тэрбээр хэлжээ.
Сарыг эзэмших Америкийн шинэ хөтөлбөрийг "Artemis” гэж нэрлэснээ NASA агентлаг урьд нь мэдэгдсэн юм. Уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний үе шатанд "Space Launch System” хүнд пуужинд суурилуулсан "Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирэх бөгөөд энэхүү үе шатыг 2020 оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх аж. 2022 онд товлосон хоёр дахь үе шатанд сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр манай гаргийн цорын ганц дагуул руу нисэх бол 2024 онд гурав дахь үе шатанд NASA сансрын нисэгчдийг Саран дээр буулгаж, тэднийг 2030-аад оны үед Ангараг гараг руу илгээхээр төлөвлөжээ.