Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзлаа.
Суурин төлөөлөгч уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв.
Дэлхийн банк нь Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх явцад байнга туслалцаа дэмжлэг үзүүлж буй бөгөөд 1 сая долларын тусламж бүхий хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өгөхөд бэлэн болсноо Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалтай тэмцэхэд Дэлхийн Банкны зүгээс эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэлийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгож байгаа явдалд Эрүүл мэндийн сайдын зүгээс гүн талархалаа илэрхийлээ. Мөн уулзалтын хүрээнд хоёр тал хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал бодлоо солилцон зарим төслийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Эх сурвалж: ЭМЯ