"Ти Ти Жи Ви Си Өү” Эрдэнэс-Тавантолгойгоос гарч өөр газарт ажиллахаар болжээ
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн "Эрдэнэс-таван толгой” ХК-ийн туслан гүйцэтгэгчийн гэрээ өчигдөр дуусан байна. Тус компанийн гэрээг цаашид сунгахгүй зогсоож, дотоодын компаниудаар ажлыг нь хийлгэх ёстой гэсэн шаардлагыг зарим иргэний хөдөлгөөнийхөн тавьж, өнөөдөр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэд шаардах бичиг өгсөн. Энэ асуудлын талаар тодруулахаар "Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн ажилтантай холбогдлоо.
Тус компани өчигдөр буюу 02-р сарын 28-ны өдрийн 23 цагаар тасалбар болгон үйл ажиллагаагаа зогсоож, машин механизмаа уурхайн талбайгаас татсан байна. Мөн өөр уурхайд олборлолтын ажил хийхээр яриа хэлэлцээр явагдаад, тохиролцоод хүрч байгаа гэдгийг хэллээ. Тиймээс тус компанийн хувьд ажилчид нь ажилгүй болоогүй гэж мэдээллээ. Тус компанитай дүйх хүчин чадалтай, техниктэй компани Монголд хараахан байхгүй бөгөөд УУХҮЯ-наас 2020 оны шилдэг туслан гүйцэтгэгч компаниар шалгаруулжээ. Мөн ТОП-100 ААН-ийн эхний 10-т багтдаг, шилдэг татвар төлөгч компани юм байна.