Боловсролын байгууллагын багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ.
Монгол Улсад "COVID-19” цар тахлын эсрэг дархлаажуулалт өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ.
Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус сургуулийн нийт 34615 багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах юм. Тодруулбал,
- Баянгол дүүрэг 5405,
- Баянзүрх дүүрэг 8189,
- Багануур дүүрэг 823,
- Багахангай дүүрэг 102,
- Налайх дүүрэг 995,
- Сонгинохайрхан 6128,
- Сүхбаатар дүүрэг 4674,
- Хан-Уул дүүрэг 5080,
- Чингэлтэй дүүргийн 3219 багш, ажилтнууд хамрагдана.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу зарим сургууль, Эрүүл мэндийн төвүүд зэрэг нийт 18 цэгт вакцинжуулалт хийж байна. Боловсролын байгууллагын багш, ажилтнууд 2-3 хоногийн хугацаанд вакцинжуулалтад бүрэн хамрагдах юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог байна. Вакцин хийлгэсний дараа хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Эдгээр шинж тэмдэг 1-2 хоногоос илүү хугацаанд үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: БШУЯ