Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-ын Жорж Мейсон их сургуулийн ректор Мери Поултонтой харилцан ойлголцлын санамж бичигт Монголын цагаар 21:00, АНУ-ын Вашингтоны цагаар өглөөний 10:00 цагт гарын үсэг зурлаа.
Цахимаар зохион байгуулсан хамтын ажиллагааны арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо.
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутнууд 2 дугаар курсээ төгссөний дараагаар Жорж Мейсон их сургуульд шилжин суралцах боломжтой болж байна.
Оюутанд тавигдах шаардлагын хувьд хамгийн багадаа голч дүн 2.75 буюу бидний хэлж заншсанаар -B үнэлгээтэй оюутан элсэн суралцах боломжийг нээж өгсөн. TOEFL IBT 80-аас дээш, IELTS 6.5 оноотой байхыг шаардаж байгаа.
Бакалаврын хөтөлбөр 120 ба түүнээс дээш кредит цагтай байдаг. Харин энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр 50 хувийн кредитийг Монголдоо үзнэ. Үлдсэн 2 жил буюу 50 хувийн кредитийг АНУ-ын Жорж Мейсон их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой.
/мэргэжлээс хамаарч кредит цаг өөрчлөгдөнө/ ШУТИС, Жорж Мейсон их сургууль хооронд 90 хүртэл кредит шилжүүлэх тухай санамж бичигт тусгаж өгсөн.
ШУТИС-ийн жилийн төлбөр ойролцоогоор 3,500,000 төгрөг. Оюутан эхний 2 жилийн хугацаанд Монголд дахь сургалтын төлбөртөө 7,000.000 орчим төгрөг зарцуулдаг. Жорж Мейсон их сургуулийн гадаад оюутны төлбөр дунджаар 26,000 ам.доллар байдаг. Энэ ханшаар 4 жил суралцахад 104,000 ам.доллар буюу 296,400,000 төгрөгөөр суралцах тооцоо гарч байна. /1 ам долларыг 2850-аар бодсон/
2+2 хөтөлбөрийн дагуу Монголд-2 жил, Америкт-2 жил онцсайн суралцахад АНУ-д дахь амьжиргааны зардал оролцохгүйгээр
52.000 мянган ам доллар биш 1 жилийн 9000 ам.доллар, 2 жилийн 18.000 орчим
ам.доллароор суралцах тооцоо гарч байна.
Монголоос шилжин суралцах оюутан жилд 5,000 ам долларын сургалтын тэтгэлэг авна. Дээр нь 2 дугаар семистрээс эхлэн сургалтын амжилтаас хамаарч 12.000 ам доллар хүртэл хөнгөлөгдөх боломжтой.
Эцэст нь дүгнэхэд АНУ-ын дотоодын сургалтын төлбөрийн нөхцлөөр Монгол оюутнуудаа суралцуулах хэлэлцээрүүд юм. Дараагийн хэлэлцээрүүд АНУ-ын Канзасын Их сургууль, Аляскийн Их сургуулиудтай хийгдэхээр төлөвлөгдөж байгаа болно хэмээлээ.