Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар өчигдөр төслийн гэрээнд гарын үсэг зуржээ.
Японы Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн дагуу 245,307 ам.доллар буюу 697 сая төгрөгөөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын IV цэцэрлэгийг засах юм.
Цэцэрлэгийн барилгыг зассанаар хүүхдүүдийн сурах эрүүл ахуйн орчин сайжрах юм. Гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байлцаж, Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд талархахын хамт бүх салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.
"Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” Монгол Улсад анх 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 564 төсөл хэрэгжүүлжээ. Японы 2020 оны санхүүгийн жилд /2020.04.01-ээс 2021.03.31/ нийт нэг сая ам.доллар буюу 2.9 тэрбум төгрөг бүхий зургаан төсөлд гарын үсэг зураад байна. Орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд төслөө хариуцаж хэрэгжүүлнэ гэж Японы ЭСЯ-наас мэдээллээ