Япон улсын Засгий газрын "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо ТББ-д тоног төхөөрөмж гардууллаа.
Нийт 91,898 ам.доллар буюу ойролцоогоор 247,200,000 төгрөгийн өртөг бүхий төслийн хүрээнд брайл хэвлэлийн машин 5 ширхэг, брайл хэвлэлийн машины программ хангамж 5 ширхэг, брайл дэлгэц 8 ширхгийг тус тус хандивласан байна.
Япон улсаас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки "Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо ТББ-д тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл"-ийг хүлээлгэн өгөх ёслолд оролцжээ.
Төсөл хэрэгжихээс өмнө тус холбоо нь 3 ширхэг брайл хэвлэлийн машинтай байсан ба үүнээс 1 нь засварлах боломжгүй болж эвдэрсэн. Үлдсэн 2 ширхэг нь олон жилийн эдэлгээнээс шалтгаалан хуучирч муудсаны улмаас хэвлэлийн хурд нь удааширч, Монгол улсын брайл хэвлэлийн хэрэгцээний тал хувийг л хангах болжээ.
Түүнчлэн тус холбоонд кирилл үсгийг брайл рүү хөрвүүлэх брайл дэлгэц байхгүй байсан учир брайл хэвлэлийг хангалттай нийлүүлэх боломжгүй байсан аж.
Энэ удаагийн буцалтгүй тусламжийн хүрээнд тус холбооны брайл хэвлэлийн чадамж 2 дахин нэмэгдэж, Монгол улсын 11,800 харааны бэрхшээлтэй хүмүүс үр ашгийг нь хүртэх боломжтой болсон байна.