Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц улс /БНФУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар, Монгол Улс, БНФУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй Агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийн талаар ярилцав. Төслийн хүрээнд Франц Улсаас нисдэг тэрэг, обьектын түймэр унтраах тусгай тоноглолтой автомашин нийлүүлнэ. Мөн нисгэгч, механикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх хамтарсан сургалт зохион байгуулах юм.
Цар тахлын улмаас удааширч байгаа төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд сургалтыг цахим хэлбэрээр явуулахаар тохиролцов.
Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газар хамтран Агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг 2020 оноос хэрэгжүүлж байна.