Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зөвлөх зөвлөл "AstraZeneca” компанийн "COVID-19”-ийн вакцины мэдээлэлд үнэлгээ хийсний дүнд уг вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг улс орнуудад уриалжээ.
ДЭМБ "AstraZeneca”, Оксфордын их сургуулийн вакциныг тариулсан зарим хүнд цусны бүлэгнэл үүссэнд санаа зовниж байгаа боловч одоогийн мэдээллээр вакцин хийлгэсэн хүмүүсийн дийлэнхэд ийм эрсдэл үүсэхгүй байгааг харгалзан энэхүү дүгнэлтэд хүрчээ.
"COVID-19” бол аминд халтай өвчин. Харин "AstraZeneca”-гийн вакцин үүнээс урьдчилан сэргийлнэ” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Мөн улс орнуудад вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг тэрбээр уриалаад, "COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах "COVAX” хөтөлбөр уг вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ гэдгийг мэдэгджээ.
Европын Эмийн агентлаг "AstraZeneca”-гийн вакциныг аюулгүй гэдгийг пүрэв гарагт мэдэгдсэний дараа Герман, Франц тэргүүтэй хэд хэдэн орон уг вакцинаар дархлаажуулах аянаа үргэлжлүүлэхээр болоод байгаа юм.