УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр хуралдаж, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ.
Тодруулбал, тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллах болсон. Иймд УИХ дахь олонхын бүлгээс тус УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Г.Дамдинням нь 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр, 2005-2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуулийг уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015 онд Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд "Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.