Дөрөвдүгээр сарын 30 бол "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" юм. Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг 2001 оноос хойш дэлхий дахинд, харин 2006 оноос хойш Монгол Улсад Хүүхдийг Ивээх Сангийн санаачлагаар тэмдэглэж байна. Энэ өдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт уриалдаг.
Хөл хорионы энэ цаг үед "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр"-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Хүүхдийг Ивээх Сан хамтран "Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” уриан дор цахим аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аргыг заан сурталчилсан постерууд боловсруулан, эцэг, эхчүүдэд түгээмэл тохиолддог бэрхшээлийг шийдвэрлэх теле зөвлөгөө хүргэж байна. Өнөөдөр зохион байгуулагч байгууллагуудын нийгмийн сүлжээний хуудсаар дамжуулан үлгэр жишээ гэр бүлүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй арга туршлагаа хуваалцана. Аяныг хоёр сарын турш зохион байгуулан, нийт 300 мянга орчим эцэг эх, асран хамгаалагчдад хүмүүжлийн эерэг аргын мэдээ, мэдээллийг хүргэх юм байна.